ХБНГУ-ын нийслэл Берлин хотын алдарт Бранденбургийн талбай дээр хэт барууны үзэл баримтлал бүхий "Германы Альтернатив" нам парламентад орох болсныг эсэргүүцэн олон нийтийн тайван жагсаал боллоо.
2013 онд Берлин хотод байгуулагдсан, одоогоор 25000 гишүүн бүхий тус хэт барууны популист, үндсэрхэг үзэл бүхий энэ нам өнгөрсөн есдүгээр сарын 24-нд болсон сонгуулиар 12.6 хувийн санал авч Христосын ардчилсан холбоо, Германы социал демократ намын дараа Бундестаг дахь гурав дахь нам болон холбооны парламентын 709 суудлаас 92 суудал аваад байгаа юм.
Сонгуулийн урьдчилсан дүнгийн мэдээллийн дараа Германы олон хотуудад "Фашистуудад праламентад орох газар байх ёсгүй" уриан дор эсэргүүцлийн жагсаал өрнөж байсан бол тус намыг парламентын суудлаа албан ёсоор эхлэхээс 2 хоногийн өмнө ард түмний томоохон эсэргүүцэлтэй тулгарч байна. Цагдаагийн байгууллагаас 10 мянга гаруй иргэн эсэргүүцлийн тайван жагсаалд оролцсон тухай мэдээлсэн бол зохион байгуулагч нар 12 мянган иргэн оролцсон болохыг мэдээлжээ.
Сонгуулиас өмнөх өдрүүдэд "Германы Альтернатив" нам зөвхөн шүүмжилсэн, асуудлыг хэтрүүлэн дэвэргэсэн, популист амлалт өгсөн байр сууринаас хандаж байсан ба улс орноо цаашид хэрхэн хөгжүүлэх гэх мэт асуудлууд дээр дорвитой шийдэлгүй байгааг эсэргүүцлийн жагсаалд оролцогчид дурдаж байв.
Эсэргүүцлийн тайван жагсаалаас илүүтэй холбооны парламентын хүрээнд маш өргөн хүрээтэй эсэрцүүцэлтэй тулгарч буй бас нэг асуудал нь тус намын үүсгэн байгуулагчийн нэг Албрехт Глассерийг (Albrecht Glaser) Холбооны Парламентын дэд ерөнхийлөгчийн албанд өрсөлдүүлэх болсноо зарласан явдал болж байна. Тус нэр дэвшигч нэгэн удаа Муслем шашинтнуудын шашин шүтэх эрх чөлөөг зөрчсөн ярилцлага өгч байсан билээ.
Энэ удаагийн сонгуульд түүхэндээ хамгийн бага саналыг авсан хэдий ч түүний тэргүүлсэн Христосын ардчилсан холбоо нам Бундестагт олонхийн суудал авсан нь ч 4 дэх удаагаа улиран сонгогдож буй холбооны канцлер Ангела Меркелийн хувьд маш хэцүү байдалд Засгийн газраа бүрдүүлэх нөхцөл үүсээд байгаа буюу одоогоор яригдаж буй хамгийн магадлал бүхий хувилбар нь Чөлөөт ардчилсан нам болон Ногоон намтай эвсэх “Жамайка хувилбар” юм. Ажиглагчдын үзэж буйгаар зул сарын баяраас өмнө шинэ Засгийн газар бүрэлдэх магадлалтай байна гэж "Монголын мэдээ" телевизийн ХБНГУ дахь сурвалжлагч Б.Энхтүвшин мэдээллээ.
| "Германы Альтернатив" нам парламентад орох болсныг эсэргүүцэн жагслаа | ||
| Үзсэн: 1701 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.