Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 29-ний өдөр болж, Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо хуралдсан бөгөөд чуулганы үр дүнгийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан танилцуулав.
2026 оны 7 дугаар сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганд Монгол Улс анх удаа хорооны гишүүн улсын статустайгаар оролцжээ. Чуулганд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, Франц улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргил, БОУАӨЯ, ГХЯ, ССАЖЗЯ, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, үндэсний шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцов.
Чуулганаар Монгол Улсаас “Дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн 1972 оны Конвенцын дагуу “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд” соёлын өвийн зүйлийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр дэвшүүлэн, бүртгүүллээ. Монгол Улс өмнө нь 6 өвийг “Дэлхийн соёлын өв”-д бүртгүүлсэн байдаг.
Засгийн газраас цаашид шинээр бүртгүүлсэн Хүннүгийн дурсгалууд өвийн цогцолбор бүхий газрууд буюу Ховд аймгийн Манхан, Архангай аймгийн Өндөр-Улаан, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Баянцагаан, Хэнтий аймгийн Баян-Адарга сумдад улсын хамгаалалтын бүсийг тогтоох, өвийн үндсэн газар нутгаас гадна эргэн тойрныг хамгаалах, хилийн зааг зурвасыг баталж, газар олгохыг хориглох юм.
“ЮНЕСКО”-гийн шаардлагын дагуу дараагийн 5-10 жилд хамгаалах, сэргээн засварлах, судалгаа шинжилгээ хийх тухай “Нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-г Засгийн газраас эцэслэн батлах шийдвэр гарлаа. Түүнчлэн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг тогтмол хүргүүлэх, “ЮНЕСКО”-гийн зөвлөх байгууллага болох “ISOMOS”-ын шинжээчид ажиллах боломжийг хангах, зардлыг шийдэх, хадгалалт, хамгаалалтаас гадна соёлын өвийн үнэ цэнийн талаар нутгийн иргэдэд ойлгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд үүрэг болголоо.
| ЗГ: “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.