Шууд Chart

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх сард болно

2018-03-07 14:12:42

Өмнөд  Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элч Чон Ын Ён тэргүүтэй тус улсын төлөөлөгчид Умард Солонгост айлчлаад  эх орондоо эргэн ирсэн байна. Энэ нь Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн хувьд 2007оноос хойш Пхеньянд хийсэн анхны айлчлал юм.  Айлчлалын хөтөлбөр  дэх  гол арга хэмжээ нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалт хэлэлцээ байсан юм.

Энэ  уулзалт 4 цаг гаруйн  турш  үргэлжилсэн бөгөөд  Өмнөд  Солонгосын төлөөлөгчид  Умардын удирдагчид  хоёр Солонгосын дээд  хэмжээний уулзалт хийх  санал  бүхий Ерөнхийлөгч  Мун Жэ  Иний  захидлыг  гардуулан өгсөн  тухай мэдээлж байсан. Тэгвэл  Өмнөд Солонгосын  төлөөлөгчид өчигдөр эх орондоо очсон даруйдаа  Ерөнхийлөгч  Мун Жэн Инд  энэ  уулзалтынхаа  талаарх  мэдээллийг хүргэхээр  Хөх ордонг  зорьсон байна.  Үүний дараа төлөөлөгчид сэтгүүлчдэд  зориулан хэвлэлийн бага хурал  хийлгэсэн бөгөөд энд   Пхеньянд  болсон уулзалтын талаар их нааштай  мэдээллийг хүргэсэн  юм. 

Тодруулбал,  Өмнөд  Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгч  Ким Ын  Ён  хоёр Солонгосын  удирдагчийн уулзалтыг  ирэх сарын сүүлчээр зохион байгуулна хэмээн мэдээлжээ.  Хоёр Солонгосын  3  дахь  удаагийн  дээд хэмжээний  уулзалтыг хилийн дагуух  цэрэггүй  бүс дэх Панмунжом-д  хамтын аюулгүйн  бүсэд зохион байгуулна гэдгээ ч тодруулсан  байна.  Үүний зэрэгцээ Пхеньянд  болсон уулзалтын үр дүнд хоёр улсын удирдагчдийн  холбоо тогтоох шууд  шугамтай болох,   дайны хурцадмал байдлыг  намжаах тохиролцоонд хүрчээ. 

Мөн  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин  болон Умард  Солонгосын удирдагч Ким Жон Ун  нар   дээд уулзалтын  өмнө  утсаар  ярилцахаар  тохиролцсон  байна. Үүний  зэрэгцээ   Өмнөд Солонгосын  төлөөлөгчид уулзалтын  үеэр Умардын удирдагчид Сөүл Солонгосын хойгийг цөмийн  зэвсэггүй  бүс  болгохын  төлөө  байгаа  гэдгийг  дахин баталсан  байна.  Түүнчлэн  АНУ  Умард  Солонгосын хооронд яриа хэлэлцээ хийвэл  цөмийн  зэвсгээс  татгалзах тухай сэдвийг  хэлэлцэх  асуудлынх  нь  дотор  оруулахад бэлэн  байгаагаа мэдэгдсэн  байна. 

Мөн Умард Солонгосын  тал  Вашингтонтой яриа хэлэлцээ хийвэл цөмийн  болон  пуужингийнхаа  хөтөлбөрийг царцаахад  бэлэн  байгаагаа  мэдэгдсэн нь Олон улсын  хамтын нийгэмлэгийн удирдагчдийн  хувьд таатай мэдээлэл болж байна. Үүний зэрэгцээ Пхеньян  ил тод  яриа хэлэлцээ хийхэд  ч бэлэн байгаагаа  илэрхийлсэн  аж. одоо Өмнөд  Солонгосын  Ерөнхийлөгчийн тусгай  элч төлөөлөгч Чон Ын Ён  АНУ, ОХУ,  Хятад улсуудыг  зорих гэж  байгаа юм.  Мөн  Пхеньянд  айлчилсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан   Өмнөд Солонгосын  Тагнуулын албаны дарга  Японыг зорих гэж  байгаа юм байна.  Тэд  Пхеньянд болсон  уулзалт хэлэлцээнийхээ дүнг  танилцуулах  аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх сард болно  
Үзсэн: 1957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй