Тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм болон нисэх онгоцны чанартай дугуй үйлдвэрлэгч АНУ-ын "Goodyear" компани шинэ төрлийн дугуйны загвар бүхий төсөл хөтөлбөрөө танилцуулсан байна. Компанийн хөгжүүлэгчдийн мэдээлж байгаагаар, "Oxygene" нэртэй шинэ төрлийн энэ дугуй хүчилтөрөгчийн хийг үйлдвэрлэх боломжтой хэмээн онцлон танилцуулсан юм.
Сүүлийн үед дэлхийн томоохон гэлтгүй дөнгөж эхэлж байгаа гарааны компаниуд өөрсдийн үйлдвэрлэж, зах зээлд танилцуулж байгаа бүтээгдэхүүнээ аль болох эдийн засагт хэмнэлттэй байлгах зорилгоор бүтээж байгаа. Мөн нэг чухал асуудал бол байгаль дэлхийд хоргүй материалыг ашиглаж эко бүтээгдэхүүн шинээр бий болгохоор зорих... Эдгээрээс АНУ-ын “Goodyear Tire & Rubber Company”-ийн шинэ төсөл олны анхаарлыг өөртөө татаад байна. Энэ бол автомашин, хүнд машин механизмын дугуйг хүчилтөрөгчийн хий үйлдвэрлэгч болгон ашиглах тухай концепц юм.
"Oxygene" дугуйны дотор хэсэг байгалийн амьд органик хөвд ургамлыг суулгаж өгөх юм байна. Дугуй эргэлт, инерц, агаарын урсгалын нөлөө, халалтаас улбаалан дугуйнаас хүчилтөрөгчийн хий гарах зарчмаар ажиллах аж. Бүр цэвэр агаар гаргаж авна гээд бодоод үзэхээр бараг итгэмээргүй санагдаж байгаа байх. "Goodyear"-ийнхэн энэ тал дээр олон удаагийн судалгаа туршилт явуулсны эцэст энэ технологийг нэвтрүүлэх боломж бий гэдгийг олж харжээ. Нэгэн тооцооллыг бүгдээрээ сонирхоцгооё... Юу вэ гэхлээр автомашины зогсоолд "Oxygene" дугуйгаар тоноглогдсон 2,5 сая ширхэг тээврийн хэрэгсэл байна гэж бодъё. Ингэхээр бүхэл бүтэн нэг жилийн дотор 3000 тонн хүчилтөрөгчийн хийг гарган авч, түүгээр ч зогсохгүй 4000 тонн нүүрстөрөгчийн давхар оксидыг шингээх болно гэж тэд онцолж байгаа юм. Одоо цэвэр агаарыг бид дан ганц байгалиас хүртэхээс гадна технологийн дэвшлээс ч хүртэх боломжтой болох нь.
Ингээд ч зогсохгүй, дугуйны шинж чанар, үндсэн зориулалт нь ч өөрчлөгдөх гэнэ. Энэ бол 3D принтерийн тусламжтайгаар хэвлэгдсэн маш бат бөх чанарын материалтай дугуйны гадна хэсэг цахилгаан хөдөлгүүртэй автомашины тэжээлийн эх үүсвэр ч болох аж. Цаашид зам тээврийн салбарын хөгжил ухаалаг дэд бүтцийн төхөөрөмжтэй болон шинэчлэгдэн хувьсвал, үүнээс ч илүү бидний санаанд оромгүй шинэ технологи төрөн гарна гэж харж байгаагаа тэд мэдэгдсэн. Одоогоор энэ бол ердөө төсөл хөтөлбөр концепцынхоо үе шатандаа явж байгаа зүйл. Хэзээ хөрсөн дээр бууж анхны туршилтыг хийх талаарх мэдээллийг хараахан өгөөгүй байгаа юм байна. мэдээж үүнд цаг хугацаа, санхүүжилт, туршилт судалгаа гэх мэт олон зүйлийг хийх шаардлагатай байгаа юм.
| “Oxygene” нэртэй шинэ төрлийн дугуйны төслийг танилцуулав | ||
| Үзсэн: 1134 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.