Өнгөрсөн долоо хоногт Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипал болон түүний охин Юлия нар Их Британийн Солсбери хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдож, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдэнд хийсэн шинжилгээний эхний дүгнэлтээр сэтгэцэд нөлөөлөх химийн хорт бодисын халдлагад өртсөн болохыг тогтоожээ.

Шинжээчид хэрэг болсон газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өөр хүн нэмж энэ хорт бодисонд хордсон эсэхийг шалгаж байгаа боловч одоогоор ийм тохиолдол илрээгүй байна. Энэ тухай Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй парламентын хуралдаанд мэдэгджээ. Мөн тэрбээр энэ халдлагын хариуцлагыг ОХУ хүлээх ёстой гэдэг байр суурийг ч илэрхийлээд байна. Үүнээс гадна мягмар гарагийн дотор ОХУ-ын талаас ямар нэг тодорхой хариу өгөхгүй бол ОХУ-ыг хууль бусаар хүч хэрэглэсэн гэж буруутгахаа мэдэгдсэн байна. Одоогоор хордсон хүмүүсийн биеийн байдал тун хүнд байгаа аж.
Их Британид энэ төрлийн халдлага гардаг боловч хамгийн тайван хот гэгддэг Солсбери хотод ийм төрлийн халдлага гарсан нь яг энэ тагнуулыг устгахад чиглэгдсэн байж болзошгүй гэж сэжиглэж байна. Тиймээс ч дахин халдлага гарахаас сэргийлж, харуул хамгаалалтыг нэмэгдүүлж, хэрэгт мөрдөн шалгалт явуулахын тулд 180 гаруй цэргийн албан хаагчийг дайчилсан байна.
Сергей Скрипалын хувьд улс төрийн орогнолоор Их Британид сүүлийн 8 жил амьдарч байсан юм. 2006 онд Их Британийн талд тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр ОХУ-ын шүүхээс 13 жилийн хорих ял сонссон, 2010 онд АНУ болон ОХУ-ын хоорондох тагнуулын солилцооны дараа Их Британи түүнд улс төрийн орогнол олгосон юм.
| Оросын тагнуулчийг охиных нь хамт сэтгэцэд нөлөөлөх химийн бодисоор хордуулсныг тогтоожээ | ||
| Үзсэн: 2672 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.