АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг ажлаас нь халж байгаагаа зарлалаа. Төрийн департаментын шинэ тэргүүнээр Тагнуулын төв газрын захирал Майк Помпео томилогдож байна. Харин Тагнуулын төв газрыг тус газрын дэд даргаар ажиллаж байсан Жина Хаспел гэгч эмэгтэй тэргүүлэхээр болж байна.
Тодруулбал, Трамп төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг ажлаас нь халж, оронд нь Тагнуулын төв газрын захирал Помпеог томилж байгаагаа уламжлал ёсоор өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн. “Тагнуулын төв газрын захирал Майк Помпео манай шинэ төрийн нарийн бичгийн дарга болно, тэрээр энэ ажилд яг тохирох хүний нэг, Рекс Тиллерсонд хамтран ажилласанд нь баярлалаа. Жина Хаспел Тагнуулын төв газрын шинэ захирал болно. Энэ албанд томилогдож байгаа анхны эмэгтэй, бүгдэд нь баяр хүргэе” гэж Трамп бичсэн байна. Жина Хаспел 2017 онд Тагнуулын төв газрын дэд захирал болсон бөгөөд 1985 оноос хойш тусгай албанд ажиллаж байгаа юм.
Майк Помпео 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Тагнуулын төв газрын тэргүүн болсон бол Тиллерсон 2017 оны 2 дугаар сарын 1-нээс төрийн департаментыг тэргүүлэх болсон бөгөөд үндсэндээ энэ албан тушаалыг ердөө нэг жил гаруй хугацаанд эрхэлжээ. Трамп сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Тиллерсон бид 2 гайгүй таарч тохирч байсан, гэхдээ зарим нэг асуудал дээр санал нэгдэж чадаагүй. Тухайлбал Ирантай байгуулсан тохиролцоог би хамгийн аймшигтай гэж үзэж байгаа бол Тиллерсон гайгүй тохиролцоо гэж үзсэн, би энэ тохиролцоог цуцлахыг хүсэхэд тэрээр огт өөр бодолтой байсан” хэмээн тайлбарлажээ. Ер нь бол Трамп өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Тиллерсонд ажлаас нь халж байгааг дуулгасан бөгөөд үүнтэй холбогдуулан Тиллерсон Африкийн орнуудаар хийж байсан айлчлалаа цуцалж, Вашингтонд эргэн иржээ.
Мөн Төрийн департамент "Трамп Тиллерсонтой биечлэн яриагүй, Твиттер хуудсаараа мэдээлсэн. Мэдээж хэрэг ажлаас халах энэ мэдээ Тиллерсоны хувьд гэнэтийн зүйл болсон" гэж мэдээлж байна. Одоо АНУ-ын Сенат Майк Помпеог төрийн нарийн бичгийн даргаар, Жина Хаспелыг Тагнуулын төв газрын захирлаар томилох Трампын саналыг хэлэлцэж батлах ёстой. Өмнө нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аль эртнээс л Трамп, Тиллерсон хоёрын хоорондох санал зөрөлдөөний талаар мэдээлж байсан, ялангуяа Умард Солонгосын пуужингийн туршилт, Ираны цөмийн хөтөлбөрөөс үүдэж багагүй санал зөрөлдөөн гарч байсан. Ингээд анх олны өмнө ерөнхийлөгч болон төрийн нарийн бичгийн дарга хооронд цаг уурын асуудлаарх Парисын тохиролцооноос болж санал зөрөлдөөн үүссэн бөгөөд Трамп энэ тохиролцооноос гарахаар шийдсэн. Рекс Тиллерсон дипломатч хүн биш, 42 жилийн турш тэрбээр дэлхийн газрын тосны томоохон компанийн нэг “Эксон мобайл” компанид ажиллаж, тэргүүлж байсан. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ойрын танил, “Эксон мобайл”, “Газпром” хоорондын харилцааг хөгжүүлэх асуудал эрхэлж байсан бөгөөд Оросын найрамдлын одонгоор шагнагдаж байсан нэгэн. Хэдийгээр Тиллерсоныг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болоход Москва, Вашингтоны харилцаа сайжирна гэж байсан ч тэрээр эсрэгээрээ Оросын талаар, мөн Сирийн асуудлаар хатуу байр суурь баримталсан. Тэгвэл Майк Помпео 2017 оны 2 дугаар сард Тагнуулын төв газрыг тэргүүлэхээсээ өмнө АНУ-ын Конгресст Канзас мужаас сонгогдсон гишүүн байв. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиар эхэндээ Марко Рубиог дэмжиж байсан ч хожим тэрбумтан Трампыг дэмжигчдэд нэгдсэн байдаг.
Дональд Трамп өөрийн Твиттер хуудсаараа гол гол албан тушаалын халаа сэлгээний талаар мэдээлснийхээ дараа ямар учраас Майк Помпеог сонгох болсноо тайлбарласан. Түүний хэлж байгаагаар, Помпео Вест-Пойнтын цэргийн академи болон Гарвардын хуулийн сургуулийг онц дүнтэй төгсөж, Тагнуулын төв газрын таргаар очиж, тагнуулын үйл ажиллагааг бэхжүүлж, тагнуулын байгууллагын батлан хамгаалах, давших чадамжийг шинэчилсэн юм байна. Трамп Сенатаас Помпеог шинэ албан тушаалд нь аль болох хурдан батлахыг хүсэж, тэрбээр төрийн нарийн бичгийн дарга болсноор дэлдхий дахинд АНУ-ын нэр хүндийг өсгөх, холбоотны харилцаа холбоог бэхжүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгохын төлөө тууштай ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
| Тагнуулын төв газрын захирлыг төрийн нарийн бичгийн даргаар томиллоо | ||
| Үзсэн: 1256 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.