Өнөөдөр бундестаг Ангела Меркелийг Холбооны Герман улсын канцлераар томилох эсэх асуудлаар санал хурааж, ингэснээр Герман улсын түүхэнд хамгийн урт удаанд тооцогдох засгийн газар эмхлэн байгуулах үйл явцад цэг тавина. Германд парламентын сонгууль өнгөрсөн оны 9 дүгээр сарын 24-нд болж, тэрнээс хойш сайд нарын шинэ танхим эмхлэн байгуулахад 171 хоног шаардагдлаа.
Ангела Меркель 4 дэх удаагаа холбооны канцлер болоход парламентын гишүүдийн олонх өөрийг нь дэмжихэд л хангалттай, Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо эвсэл, Социал-демократ нам бундестагийн 709 суудлын 399-ийг нь эзэлдэг. Иймээс Ангела Меркель шинэ канцлер болоход нэг их асуудал үүсэхгүй, тэгээд ч өмнө нь депутатууд холбооны шинэ канцлерыг эхний шатны санал хураалтаар сонгож байсан. Санал хураалт болмогц ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Меркель болон сайд нарын шинэ танхимын гишүүдэд томилгоог нь гардуулж, дараа нь тэд Бундестаг-д тангараг өргөж, шинэ засгийн газар үүрэгт ажилдаа орно. Ангела Меркель өмнө нь канцлераар 4 дэх удаагаа ажиллах бодолтой байгаагаа мэдэгдэж байсан. Америкийн "Форбс" сэтгүүл нэг бус удаа Ангела Меркелийг дэлхийн хүчирхэг эмэгтэйгээр нэрлэж байсан бөгөөд тэрээр 2005 оноос хойш канцлерын албыг тасралтгүй хашиж байна.
Бундестагийн сүүлийн сонгуулийн дараа Меркелийн нэр хүнд нэлээд унасан. Христийн ардчилсан холбоо нам эвслийн засгийн газар байгуулах асуудлаар Ногоон намтай яриа хэлэлцээ хийсэн ч энэ нь бүтэлгүйтсэн, сонгуульд муу үр дүн үзүүлсэн Социал-демократ нам сөрөг хүчний байр суурь барина гэсэн нь асуудлыг улам хүндрүүлж, дахин сонгууль явуулах асуудал хүртэл яригдаж ирсэн. Энэ эгзэгтэй үед ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер хөндлөнгөөс оролцож, социал-демократуудыг яриа хэлэлцээний ширээний ард суулгаж чадсан билээ. Ингээд Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо эвсэл социал-демократуудтай эвсэж, засгийн газар эмхлэн байгуулах яриа хэлэлцээ эхлүүлсний эцэст Христийн ардчилсан холбоо нам маш их буулт хийж байж эвслийн тохиролцоо байгуулсан. Ангела Меркель дахин холбооны канцлер болох нь үндсэндээ тодорхой, ингэснээр тэрбээр европын бодлогын дуу хоолой болно.
| Бундестаг Ангела Меркелийг ХБНГУ-ын канцлераар томилох эсэх асуудлаар санал хураана | ||
| Үзсэн: 1309 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.