Германы сайд нарын шинэ танхим шинэ бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Ангела Меркель тэргүүтэй ээлжит буюу 4 дэх засгийн газрыг бундестагийн сонгууль болсноос хойш бараг хагас жилийн дараа ийнхүү эмхлэн байгууллаа. Энэ хагас жилийн хугацаанд Герман улс дахин сонгууль явуулахын ирмэгт тулж, урт удаан үргэлжилсэн улс төрийн хямралтай тулгарсан ч одоо бүх зүйл ард хоцорч, шинэ танхим тангараг өргөлөө.
Ийнхүү Христийн ардчилсан, Христийн нийгмийн холбоо эвсэл болон Социал-демократ намын “их эвсэл” ойрын 4 жилд Германд засгийн эрх барихаар болж байна. Бундестагийн 709 депутатын 364 нь Ангела Меркелийг дахин канцлераар сонгохын төлөө санал өглөө. Христийн ардчилсан холбоо нам шинэ танхимд 6 яамны сайдын суудал авч байна, Урсула фон дер Ляйен батлан хамгаалахын сайдын суудалд хэвээр үлдэж, Йенс Шпан эрүүлийг хамгаалахын сайд болсон нь ажиглагчдын хувьд гэнэтийн зүйл боллоо, Петер Алтмайер Эдийн засгийн сайд, Хельге Браун гэгч эмэгтэй канцлерын тамгын газрын дарга боллоо, Юлия Клёкнер хөдөө аж ахуйн сайд болж, бундестагийн гишүүн Аня Карличек Боловсролын сайдад дэвшлээ.
Христийн нийгмийн холбоо нам 3 сайдын суудал авч, Хорст Зеехофер Дотоод хэргийн сайд, Андреас Шойер Тээврийн сайд, Герд Мюллер Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайдын суудалд очлоо. Тэгвэл Социал-демократ намаас Олаф Шульц дэд канцлер ба Сангийн сайд, Хайко Маас гадаад хэргийн сайд, Хубертус Хайль Хөдөлмөр, нийгмийн хангамжийн сайд, Катарина Барлей Хууль зүйн сайд, Франциска Гиффей гэр бүл, ахмад настан, эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайд, Свеня Шульц Хүрээлэн буй байгаль орчин, цөмийн эрчим хүчний аюулгүй байдал эрхэлсэн сайдад томилогдлоо.
Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер канцлер болон засгийн газрын шинэ гишүүдэд захиас даалгавраа өглөө, тэрбээр: “эргэлзээ төрүүлсэн тодорхой бус байдал өнгөрсөн нь маш сайн хэрэг, тэгээд энэ 3 нам эвслийн засгийн газар эмхлэн байгуулах үүрэг, хариуцлага хүлээлээ, шинэ засгийн газар байгуулж буй намууд бундестагийн сүүлийн сонгуульд санал алдсан, иймээс энэ алдсан нэр хүндийг, итгэлийг эргүүлэн авахын тулд өмнөх шигээ зүгээр нэг ажиллах нь хангалтгүй, шинэ засгийн газар шинээр, арай өөрөөр ажиллах ёстой, ялангуяа эрх баригчид болон иргэд хоорондын харилцан яриаг идэвхжүүлэх ёстой” гээд, шинэ засгийн газарт улс орны эрх ашгийн төлөөх ажилд нь амжилт хүслээ.
| Герман улс сонгууль болсноос хойш хагас жилийн дараа шинэ засгийн газартай боллоо | ||
| Үзсэн: 1107 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.