ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр энэ удаагийн сонгуулийн цорын ганц бие даагч нэр дэвшигч болох Владимир Путин 76,66 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулаад байна. Энэ нь 99,87 хувийн саналыг тоолсны дараах дүн болохыг Оросын Сонгуулийн төв хорооноос хамгийн сүүлд Москвагийн цагаар 10,30 минутад буюу УБ ын цагаар 15,30 минутад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ийм албан ёсны урьдчилсан дүнг танилцуулсан юм. Сонгуулийн төв хорооны тэргүүн Элла Памфилова энэ үеэр санал хураалт дээд зэргийн ил тод, нээлттэй , бүх аргаар ажиглалт хийх боломжтой байсныг онцлон тэмдэглэсэн. Мөн ноцтой зөрчил дутагдал гараагүй гэдгийг ч мэдэгдлээ.
Оросын одоогийн төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн сонгуульд ийнхүү 4 дэх удаагаа ялалт байгуулаад байна. Гэхдээ энэ удаад түүнийг дэмжигчдийн тоо хамгийн өндөр түвшинд хүрсэн байлаа. Ерөнхийлөгч Путины хувьд хамгийн бага дэмжлэг авч байсан сонгууль бол 2000 оных байсан юм. Тэр үед Владимир Путин 59,2 хувийн санал авч байсан юм.
Харин 2004 онд Оросын сонгогчдын 71,3 хувь нь түүнийг дэмжиж итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлж байсан. Түүнчлэн 2012 онд 63,3 хувийн саналаар ялалт байгуулсан. Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Путин ялах нь угаасаа тодорхой гэдгийг орон нутгийн төдийгүй олон улсын шинжээчид ч урьдчилан хэлж байсан. Гол нь сонгогчдын ирц, Путин яг хэдэн хувийн саналтайгаар ялах уу гэдэг асуултын хариулт л тодорхойгүй байсан юм. Тэгвэл Путин Ерөнхийлөгч Оросын ард иргэдийн асар их итгэл найдварыг хүлээсээр байгаа гэдгийг энэ удаагийн сонгуулийн дүн батлаад байна. Сонгогчдын идэвх нь энэ жил өндөр байлаа. Оросын сонгуулийн төв хорооны мэдээгээр нийт сонгогчдын 67,47. хувь нь саналаа өгсөн байна. 2014 онд ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдсэн Крым Севастопольд Ерөнхийлөгч Путин хамгийн их санал авсан байна. Тодруулбал Крымийн сонгогчдын 92,14 хувь нь, Севастопольд 90,19 хувь нь Владимир Путиныг дэмжсэн байна.
Ерөнхийлөгч Путин сонгуулийн эхний урьдчилсан дүнгүүд гарсны дараахан сонгуулийн штаб дээрээ очиж мэдэгдэл хийхдээ дэмжигчиддээ талархаж буйгаа илэрхийлсний хамтаар саналаа өгсөн хүн бүрийг Орос орныхоо, сайн сайхны төлөө хүчин зүтгэх нэг баг шүү гэдгийг онцолсон юм. Түүнчлэн энэ үеэр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсний дараагаар засгийн газарт халаа сэлгээ хийхээ мэдэгдсэн юм. Мөн засгийн газрын тэргүүнд нэр дэвшигчийг тодруулах ажилд өнөөдрөөс эхэлж орохоо амласан байна. ОХУ–ын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн энэ сонгуульд нийт 8 нэр дэвшигч өрсөлдсөн юм .
Авсан саналынхаа тоогоор Коммунист намын нэр дэвшигч Павел Грудинин 11,80 хувийн саналаар 2-рт, Либерал Ардчилсан намын Владимир Жириновский 5,66 хувийн саналаар 3-рт орсон байна. Грудинины хувьд Коммунист намын гишүүн бус, гэнэтийн нэр дэвшигч хэмээн тодорхойлогдож байсан. Гэхдээ тус намын бусад нэр дэвшигчдээс түүхэндээ хамгийн бага саналыг авсанд тооцогдож байна. Ер нь бол Коммунист намаас Ерөнхийлөгчийн сонгуулиудад нэр дэвшигчийн авсан саналын тоо сонгуулиас сонгуулийн хооронд буурсаар байгааг авсан саналынх нь тоо хувь баталж байна..
Харин Төрийн тэргүүний сонгуульд 3 дахиа нэр дэвшин өрсөлдөж байгаа Яблоко намын нэр дэвшигч Явлийнкийн хуьд энэ удаагийн сонгуульд амжилт муутай оролцсонд тооцогдож байна. Тэрээр авсан саналынхаа тоогоор анх удаагаа нэр дэвшин өрсөлдсөн Иргэний санаачлага намын нэр дэвшигч Ксения Собчакийн дараа орсон байна. Собчак бүсгүй 1,67 хувийн санал авсан бол Явлийнский болон түүний намыг дэмжигчид 1,04 хувь л байсан байна.
| Владимир Путин 76,66 хувийн саналаар ялалт байгуулж, ОХУ-ын төрийн тэргүүнээр дахин сонгогдлоо | ||
| Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.