Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганаар Хятадын шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг баталлаа. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчид, Төрийн зөвлөлийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Хятадын Коммунист намын Төв хорооноос санал болгосныг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд хууль тогтоох байгууллагад өргөн барьж батлуулсан юм.
Шанхай хотын намын даргын албыг хашиж байсан Хан Чжэнийг Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчид дэвшүүлснийг чуулганы төлөөлөгчид дэмжин баталсан байна. Мөн Хятадын Коммунист намын төв хорооны нэгдсэн фронтын тэргүүн асан Сун Чуньлань, Гуандун мужийн намын хорооны тэргүүн асан Ху Чуньхуа, Хятадын даргын эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан тэргүүн зөвлөх Лю Хэ нарыг мөн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор баталлаа.
Ийнхүү Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын 4 орлогчийг шинээр томилоод байна. Үүний зэрэгцээ Төрийн зөвлөлийн 5 гишүүнийг томилгоог баталсан. Хятадын батлан хамгаалах сайдаар Пуужинт цэргийн ерөнхий командлагч асан Вэй Фэнхэг томилохыг баталсан бол Ван Иг Гадаад хэргийн сайдаар улираан сонгосны дээр Ян Цзечигийн хашиж байсан Төрийн зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн гишүүний албыг давхар хашихаар болсон байна. Харин сангийн сайдаар тус яамны орлогч сайд асан Лю Кунийг сонгожээ.
Мөн олон нийтийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Чжао Кэчжиг мөн Төрийн зөвлөлийн гишүүнээр томилоод байна. Харин Төрийн зөвлөлийн гишүүний албаа хадгалж үлдсэн цорын ганц хүн нь Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн удирдах, хяналт тавих хорооны даргын албыг 2013 оноос хойш хашиж байгаа Ван Юн болж байна. Түүнчлэн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүд И Ганийг Хятадын Төв банк буюу Ардын банкны тэргүүнээр томилохыг дэмжин баталсан байна. И Ган нь өмнө нь Төв банкны тэргүүний орлогчийн албыг хашиж байсан юм.
| Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганаар төрийн зөвлөлийн гишүүдийг баталлаа | ||
| Үзсэн: 1272 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.