
“Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, 2017, 2018 оны УАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургууль, “Жем бридж” компанийн тамирчин, спортын мастер Баяраагийн Халиунаа мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр монголын бөхчүүдээс залуучуудын ДАШТ-д ес дэх мөнгөн медалийн эзэн болж байна. Хамгийн сүүлд гавьяат тамирчин Батболдын Номин 2013 онд Софид үзүүрлэж байсан бөгөөд Б.Халиунаа ийнхүү таван жилийн дараа амжилтыг нь давтлаа.
Б.Халиунаа Трнавагийн дэвжээнд 1/8 шигшээд 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Пак Юн Йон, шөвгийн наймд Туркийн Нурифе Думаныг тус бүр цэвэр, хагас шигшээд энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий дэд аварга БНХАУ-ын Хоу Жиажинийг 5:3-аар ялаад байсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д торолгүй түрүүлсэн Японы Саки Игарашид туршлага дутан оноогоор цэвэр (0:10) ялагдав. Түүнд дахин нэг удаа залуучуудын ДАШТ-д зодоглох боломж байгаа. Тиймээс ирэх жил дутуугаа гүйцээж аварга болохыг ерөөе.
НЭРИЙН ХУУДАС
БАЯРААГИЙН ХАЛИУНАА
1999 оны тавдугаар сарын 5-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн. 2009 оноос хойш ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж байгаа. 2017 онд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийг төгссөн.
АМЖИЛТ:
2012 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
2013 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
2014 он: “Монгол туургатан” ОУ-ын хүүхдийн спортын наадмын хүрэл
2015 он: Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл
– “Асашёорюү Кап” ОУТ-ий алт
– Наталья Воробьевагийн нэрэмжит өсвөр үеийн ОУТ-ий алт
2016 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
– “Асашёорюү Кап” ОУТ-ий алт
2017 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
– Залуучуудын УАШТ-ий хүрэл
– Д.Оюунболд агсны нэрэмжит “U-23” тэмцээний хүрэл
2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
– Залуучуудын УАШТ-ий алт
– “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө
– Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл
Залуучуудын ДАШТ-ээс Б.Халиунаа мөнгөн медаль хүртэв | ||
Үзсэн: 1077 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.