
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод өнгөрөгч баасан гарагт эхэлж, Монголын тамирчдын медалийн салхийг Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медалиар “хагалав”.
Эрэгтэй 61-ын жинд өрсөлдсөн тэрбээр өчигдөр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Гүржийн бөх Бека Ломтазег 6:3-аар ялж, ДАШТ-ий хүрэл медальтан боллоо.
Т.Түвшинтулга эхний барилдаанд Кыргызстаны У.Жолодошбековыг 8:6-аар ялсан ч ОХУ-ын Г.Рашидовт 2:1-ээр ялагдсан. ОХУ-ын бөх Рашидов Энэтхэг, Гүржийн бөхчүүдийг дараалан ялснаар манай бөхөд дагаж барилдах боломжтой болсон юм. Ингээд Т.Түвшинтулга өчигдөр болсон дагах барилдаанд Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-оор хожин Гүржийн Б.Ломтазег 6:3-аар ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм.
Энэ жингийн нөгөө хүрэл медалийг АНУ-ын бөх Жо Колон хүртлээ. Харин шигшээ барилдаанд Кубын И.Бонне, ОХУ-ын Гажимурад Рашидов нар үлдсэн юм. Барилдаанд Кубын бөх ялж, дэлхийн аварга болжээ. Рашидов хоёр жил дараалан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.
Т.Түвшинтулга ДАШТ-д гурван жил дараалан оролцож, хүрэл медалиар энгэрээ мялаагаад байгаа нь энэ юм. Тэрбээр анх “Будапешт 2016”-д өрсөлдөж байсан бол өнгөрсөн жил Парист болсон ДАШТ-д олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн аварга Гүржийн бөх Владимер Хинчегашвилид ялагдан тэмцээнээ өндөрлүүлж байсан.
Харин энэ жилийн УАШТ-д түрүүлж, улмаар наймдугаар сард сонгон шалгаруулалтад эрхээ баталгаажуулж, ДАШТ-д гурав дахь удаагаа оролцох болсон юм. Түүний багш Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн бөгөөд багш, шавь хоёрын амжилт Будапешт үргэлжилж, дэлхийд данстай гэдгээ харуулж чадлаа.
Г.Түвшинтулгын амжилтаас дурдвал оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2018 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл, Яшар Догу болон Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт, “Mongolia Open” Олон улсын тэмцээний хошой, Монгол Улсын гурван удаагийн аварга юм. Тэрбээр“Аваргууд” академийн тамирчин юм.
Түмэнбилэгийн Түвшинтулга дэлхийд данстай боллоо | ||
Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.