
Бүх ард нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо тунхаглан баталгаажуулсны 73 жилийн ойн хүчит бөхийн барилдааныг “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-г үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон “МАН-ын гишүүд , дэмжигчдийн холбоо” санаачлан Үндэсний бөхийн холбоо, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ хамтран Спортын төв ордонд зохион байгууллаа.
Хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглосноос Монгол Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба нар шалгарсан юм.
Хүчит бөхийн барилдааны үеэр 1945 оны Бүх нийтийн санал асуулгад чухал үүрэг гүйцэтгэсэн маршал Х.Чойбалсаны зээ охин Ч.Хулан, зээнцэр охин Бишрэл, маршал Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзмаа, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндийн зээ Долгорсүрэн нарын хүмүүст “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-г үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх түүхэн үйл явдалд чухал үүрэг гүйцэтгэсэн гурван хүний төрөл төрөгсөд, үр хүүхдүүд нь хоёр өрөө байр өгөхөөр болсноо дуулгасан.
Мөн Архангай аймгийн Батцэнгэл сумын нутгийн зөвлөл, Архангай аймгийн “Бөхбиблэгт” дэвжээ, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын зүгээс Азербайжаны нийслэл Баку хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарт тус бүр хоёр өрөө байр гардуулж өгсөн юм.
Монгол Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ | ||
Үзсэн: 548 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.