
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын Будапешт хотод болж байна.
Тэмцээний 72 кг-ын жинд барилдсан Очирбатын Насанбурмаа дэлхийн бөх гэдгээ дахин баталлаа. Тэрбээр Унгар, Турк, БНХАУ-ын бөхчүүдийг дараалан ялж, алтан медалийн төлөө Канадын Ди Стасиотой барилдахаар шалгаран үлдлээ.
О.Насанбурмаа ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртсэн байдаг. Тэгвэл энэ жил алтан медалийн төлөө барилдахаар шалгаран үлдсэн түүний хувьд гурван өөр жинд дөрвөн медаль хүртсэн анхны бөх болж байна.
Өдгөө 29 настай тамирчин бүсгүй өнгөрөгч наймдугаар сард Азийн наадамд 76 кг-ын жинд өрсөлдөн шагналт тавдугаар байрыг эзэлсэн билээ. Тэгвэл Будапештийн дэвжээнд дахин өөрийгөө харуулж, дэлхийн аваргын төлөө өнөөдөр барилдах гэж байна.
О.Насанбурмаа гурав дахь хүрэл медалиа 2013 онд Будапештийн дэвжээнд авч байсан бол таван жилийн дараа финалд шалгарлаа. Түүний өрсөлдөгч 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Канадын бөх Ди Стасио бөгөөд барилдаан өнөө шөнө 01.00-с болно.
Манай тамирчдаас О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 удаа ДАШТ-д оролцож байна. Тэрбээр “Гуанжоу-2006”, “Токио-2008”, “Москва-2010”, “Стамбул-2011”, “Страткон-2012”, “Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”, “Будапешт-2018”-ын дэвжээнд барилдсан.
Өнөөдөр эмэгтэй 50 кг-ын жинд Э.Нарангэрэл Туркийн Э.Демирхантай, 53 кг-д Э.Сумъяа БНСУ-ын Ли Шин Хетэй, 57 кг-д А.Батцэцэг БНАСАУ-ын Жон Ин Сүнтэй барилдах бол 62 кг-д Э.Гантуяа мөн БНСУ-ын Хан Жүн Вонтой эхний барилдаанаа хийнэ. Барилдаан Улаанбаатарын цагаар 16:30-с эхэлнэ.
О.Насанбурмаа анх удаа финалд шалгарлаа | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.