
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбоо, Монгол бөхийн өргөөний талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Х.Баянмөнхөөс тодруулга авхад “Бөхчүүд зодог шуудгаа цүнхэндээ хийгээд үүрчихсэн барилдах газаргүй явж байна. Олон түмэн ч бөх үзэх газаргүй байгаа. Бөхийн өргөө түгжээтэй, идэр ес эхэлсэн тул хөлдсөн, ажилчид нь цалин мөнгө байхгүй, амьдралгүй болсон. Бөхийн өргөө хог, шороондоо дарагдчихсан, тугнууд дээр см зузаан шороо, тоос тогтсон байна. Ийм нөхцөл байдал үүссэн тул Б.Бат-Эрдэнэ бид хоёр хэд дахин уулзаж ярилцлаа. Би Л.Чинбатын холбоог хууль ёсны холбоо гэж үздэг хүний нэг. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ бид хоёр Монгол бөхийн уламжлал ёсыг сэргээж, цэвэр Монгол бөхийн төлөө явахаар гар барилцаад түр зөвлөл байгууллаа. Түр зөвлөл нэртэй 7-8 хүн Монгол бөхийн өргөөг нээж, Монгол бөхийн жудаг ёсыг сэргээж, хадгалуулна. Шүүхийн шийдвэр нэг талд нь гартал бид бөхийн холбоо болоод бөхийн өргөөний ажлыг үргэлжлүүлж байя. Шүүхийн шийдвэр гарсан даруйд бид түр зөвлөлөө татан буулгаад мэдлийг нь өгнө. Аль ч холбоо “ялсан” бид хоёртой зохицож байж нэгдсэн хурлаа хийнэ. Тэгээд нэг холбоо болно. Тэгэхгүй бол хоёр холбооны санал дэвшүүлсэн хүмүүс дахиад л санал зөрөлдөнө. Бөхийнхөө төлөө л ийм ажил хийж байна. Бөхийн өргөөг цэвэрлэж үйл ажиллагааг нь жигдрүүлнэ. Мөн бид хоёр нийлж бөхөд байгаа идээ, бээрийг шахна. Б.Бат-Эрдэнэ бид хоёр дархан аваргууд. Бид 30-40 жил барилдаж энэ цолыг хүртсэн. Бөхийн амьдралын бүх зовлон жаргалыг туулсан, эдэлсэн. Одоо харин шийдвэрлэх хэрэгтэй гэж тохирсон. Бид хоёрт бурхнаас энэ асуудлыг зохицуул гэсэн үүргийг заяаж төрүүлсэн байна” гэв.
Б.Бат-Эрдэнэ: МҮБХ-ны маргааш 15 жил үргэлжилж байна
"Монголын үндэсний бөхийн холбооны маргаан 15 жил үргэлжиллээ. Монголын үндэсний бөхийн холбоо ээлжит “Их эе” хурал 2018 оны гуравдугаар сарын 24-нд болж, намайг МҮБХ-ны ерөнхийлөгчөөр сонгож “ачаа” үүрүүлсэн. Шинэ бүтцээр байгуулагдсан дэд тэргүүн Ц.Магалжав, Б.Сайнбаяр, И.Доржсамбуу, Д.Рагчаа бид эв зүйгээ олох байр суурьтайгаар явж өнөөдрийг хүрсэн. Бөхийн өргөө хаалттай байгаа. Маргалдаад байгаа нөхдүүд олон нийтийн өмч хөрөнгийг эвдэж сүйтгэхгүй гэсэн бичиг гаргаж өгвөл цагдаагийн байгууллагаас хамгаалалтаа буулгах шаардлага тавьсан. Тиймээс ахмад бөхчүүд болоод Монгол бөхийн хамгийн дээд амжилтыг үзүүлсэн хүмүүсийн хувьд бид хоёр гурван ч удаа уулзлаа. МҮОНТ-ээр халз ярилцлага ч хийсэн. Улмаар бөхийн үйл амьдралд тулгамдсан байдлаас гарахын тулд нэг алхам хийхийг зорьж бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөл 6-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан" гэсэн юм.
Х.Баянмөнх: Б.Бат-Эрдэнэ бид хоёр Монгол бөхийн уламжлал ёсыг сэргээж, цэвэр Монгол бөхийн төлөө явахаар гар барилцсан | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.