УДЭТ-ын жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг буюу Эбитэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр энэ сарын 5-нд нээлтээ хийх “Хийморь” киноны найруулагчаар ажилласан юм.
Та кино зохиолоо Монгол Улсын төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бичсэн гэсэн. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү ...
-Тийм ээ. Туслах найруулагч Ө.Хүүбаатартай хамтарч 2016 онд бичиж дуусгасан. Харин зураг авалтаа 2017 онд хийж эхэлсэн. Учир нь аль болох чансаатай уран бүтээлчдийг нэгтгэж чанартай уран бүтээл болгохыг зорьсон. Энэ бол нэгдүгээрт түүхэн кино, хоёрдугаарт төрийн соёрхолт Ч.Лхамсүрэн агсны найраглал. Сурагч бүр “Хүрэн морь” найраглалыг цээжилж, энэ найраглалаас олон зүйлийг мэдэрч байсан шүү дээ. Тиймээс энэ найраглал өдгөө ч сурагчдын цээжлэх ёстой бүтээлийн нэг байсаар байна. Тиймээс ийм сайн найраглалыг муу болгох эрх бидэнд байхгүй. Үүнд маш хариуцлагатай хандаж эхэлсэн. Жүжигчдийн багийг өнгөрсөн онд бүрдүүлсэн. Зураг авалт их удаан болсон доо. Өнгөрсөн хоёр жилийн зуны улиралд зураг авалтаа хийсэн. Кинонд ОХУ, Казахстан, Украйн, Киргизийн мэргэжлийн уран бүтээлчид дүр бүтээсэн. Монголоос ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Ялалт гээд аль болох чансаатай уран бүтээлчийг тоглуулахыг зорьсон. Мөн би жүжигчин хүн учраас яаж зүгээр байх вэ. Нэг жижигхэн дүрд тоглосон. Одоогоор нууц. Ер нь гол дүрд морь хүү хоёрын тухай гарна. Бусад нь туслах дүр. Киноны хөгжмийг Монгол Улсын филармонийн симфони оркестр, морин хуурын чуулгын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон. Сүүлийн 20 жилийн түүхэнд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оркестр дуугарсан хөгжимтэй кино хийгдээгүйгээрээ бас онцлог. АНУ-ын уран бүтээлч киноны хөгжимд ихээхэн анхаарч хариуцан ажилласан.
–Чухам яагаад “Хүрэн морь” найраглалыг сонгож, дэлгэцийн бүтээл болгохоор зорьсон юм бэ?
-Бид “Үргээлэг” киноны зохиол, зураг авалтад ажиллаж байх үед найз нөхдөдөө энэ тухай санаагаа хэлж байсан. Өнөөдөр уран бүтээлийнхээ ард гарлаа. Гурван жил “Хийморь” кинонд ажилласан байна. Энэ кино өөрөө их онцлог. Монгол соёл ахуй, ёс заншил, Монгол морины бяр чадлыг дэлхий даяар мэднэ. Дэлхийн талыг эзэлсэн Чингис хаан гэж бид ярих боловч хааныг өргөөд явж байсан адгуус нь ямар амьтан байсан юм бэ. Энэ дөрвөн туурайтай адуу гэдэг амьтан л зүтгэж байсан. Бид Монгол морио магтан дуулсан уран бүтээл хийж, үүнийхээ уяа сойлгыг тааруулж дэлхийн талыг эзэлсэн шиг яагаад гаднын оронд байлдан дагуулж болох гэж үзээд их хичээж ажиллаж байгаа. Киноны зохиол нь өөрөө мундаг. Тэр байтугай ерөнхий боловсролын дунд сургуулийн хөтөлбөрт оруулсан байдаг. Одоо бол байхгүй. Тиймээс хүүхэд залууст Монгол өв соёлоо таниулан мэдүүлэх, түүх болгон үлдээх зорилгоор “Хүрэн морь”-ийг дэлгэцэнд амилуулж, мөнхөлж байгаадаа олзуурхаж байна. Энэ бол орчин цагийн хүүхэд залууст их сургамжтай, танин мэдэхүйн талаас эх орноороо бахархах хайрлах, ёс заншлаа танин мэдэхэд тус дэмтэй кино болж байгаа гэдгээр нь хувьдаа үнэлж дүгнэж байгаа.
-Киноны гол дүрийн хүүг сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулсан бэ?
-Гол дүрд хүүхэд, амьтан тоглуулна гэдэг их хэцүү. Арга эвийг нь олохгүй л бол хүүхэд шүү дээ. Ойлгох зүйлээ ойлгож, ойлгохгүйгээ тоохгүй. Амархан ядарч, шантарна. Ерөнхийдөө 10 насны хөвгүүдийг зураг авалтад оруулсан. Сонгон шалгаруулалтыг орон даяар зарлахыг бодоогүй. Кинонд тэнцэх хүүхэд олдоогүй. Эцэст нь Архангай аймаг дахь манай авгын талын хүүхэд хамгийн хүнд зураг авалтын сорилтуудыг давж, тэнцсэн. Киноны гол дүрд тоглосон Ариунболд хүү маань мэргэжлийн жүжигчдийн хэмжээнд тоглосонд хувийнхаа зүгээс их талархаж байгаа. Маш их тэсвэр тэвчээр, хатуужилтай, мэргэжлийн жүжигчдийн хэмжээнд тоглосон. Намайг болон кино багийнхны урмыг хугалаагүй. Үзэгчид энэ хүүгийн тухай киноноос үзээрэй. Аравхан настай хүү кинонд ийм мундаг тоглоно гэж бид төсөөлөөгүй. Манай морь ч бас мундаг сайн дүр бүтээсэн. Бид морь, хүүхэд хоёроо дасгах гэж 3-4 сар хамтад нь морины жүчээнд байлгасан. Энэ хугацаанд гол дүрийн хоёр нэгэндээ дасч, ойлголцдог болсон.
-Таны хувьд найруулагчийн ажлаа орой эхлүүлж байгаа. Тайз, дэлгэцийн жүжигчин байх, найруулагчаар ажиллах хоёр мэдээж ялгаатай байх. Найруулагчаас их ур чадвар, торгон мэдрэмж шаарддаг гэдэг ...
–Би 1999 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр дагнан ажилласан. Мэдээж найруулагч мэргэжлээр төгссөн учраас кино найруулж үзэхсэн гэдэг нууцхан бодол төрдөг байсан. Найруулагчаас ур чадвар, торгон мэдрэмж маш их шаарддаг.
-“Аав” кино бол таны анхны найруулсан кино. Анхны киногоороо шилдэг найруулагчийн шагнал авсан. Энэ киног хийх болсон шалтгаан нь юу вэ?
-Өмнө нь “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа” киноны туслах найруулагчаар ажиллаж байсан. Эдгээр кинонд ажиллах явцад их туршлага хуримтлуулсан. Зориг гаргаж “Аав” киног бие даан найруулсан нь амжилттай болсон. Надад маш их урам өгсөн. Анхны найруулсан киногоороо шилдэг найруулагч болох үед бараг л шоконд орж байлаа. “Би юу хийчих вэ” гэж нэг хэсэг бодсон. Ер нь бол ичсэн. Миний мундаг найруулагч гэж юу байх вэ гэж бодогдсон. Гэхдээ надад их урам өгч “болох юм байна” гэсэн итгэл төрүүлж чадсан даа. Тиймээс энэ шагналаас их урам авсан. Аавдаа хайргүй хүн гэж байхгүй. Хүмүүс ихэвчлэн ээж гэж ярьдаг. Би заримдаа боддог л доо, ээжтэйгээ илүү их ярьдаг. Аав гэдэг хүн их дуугүй дөлгөөн. Манай аав бол их чимээгүй хүн. Киногоо аавдаа зориулж хийсэн гэж хэлж болно. Яах вэ тухайн үед лоозон пайз дээр аавдаа зориуллаа гэж хэлж, бичээгүй боловч сэтгэлдээ аавыгаа бодож хийсэн. Хүмүүст эерэг сэтгэл төрүүлсэн нь сэтгэлээс гарсан уран бүтээл болохоор тэр байх. “Аав” кино гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийсний дараа мартын 8-нд манай хүү төрж байсан. Кинон дээр гардаг жирэмсний тест бол жинхэнэ, манай хүү анхны мэдээ өгч байсан тест юм. Тэр болгон нь надтай их ойр мэдрэмжүүд байсан учраас сэтгэл гарч хийгдсэн болов уу гэж боддог юм. Үүний дараагийн “Үргээлэг-2”, “Яллагч” кино байсан. Одоо дөрөв дэх уран бүтээл маань “Хийморь” болж байна. Бид үзэгчдэд зориулж уран бүтээлээ хийдэг ч үзэгчдээ дагах биш аль болох дагуулж хийх юмсан гэж боддог. Хэдийгээр өмнөхөөсөө илүү зүйл хийж бүтээхийг эрмэлздэг боловч зарим үед тооцоо алддаг. Урд нь гаргасан замаа дараа нь жим болгож илүү их дардан замаар ажиллаж, урагшлах юмсан гэсэн бодолтой байдаг. Гэхдээ хүн төгс зүйл хийнэ гэж хэзээ ч байдаггүй байх. Мэдээж эргээд харахад алдаа оноо байсан. “Аав” киног дахин харахад янзалж, өөрчлөх бодол одоо ч гэсэн бодогдож л байдаг.
-Хүмүүс таныг “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шанью, бас “Би чамд хайртай-2”, "Татар ажиллагаа", “Үргээлэг” киногоор мартдаггүй. Одоо ч үзэх дуртай. Тайзны уран бүтээл, дэлгэцийн бүтээл хоорондоо хэр их зааг ялгаатай вэ?
-Би улсын драмын эрдмийн театрт 18 жил орчим ажилласан. Одоо бол би 100 хувь кино дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаж байна. Улсын драмын эрдмийн театраас албан ёсоор гарсан. Аль болох далайцтай уран бүтээл хийх юмсан, бас дотроо төлөвлөсөн зүйл байсан учраас кино урлагийг сонгосон. Мэдээж тайз, дэлгэцийн уран бүтээл ялгаатай. Тайзны уран бүтээл бол их сайхан. Бүх зүйл амьд болдгоороо онцлог. Тайзан дээр жүжигчдийн хэн нв хэн бэ гэдэг нь ялгарч харагддаг. Жүжигчнээс их шалгуур тайзны уран бүтээл шаарддаг. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд их зүйлийг сурсан. Энэ бол багагүй хугацаа. Ахмад уран бүтээлчид, үе тэнгийнхнээсээ маш олон зүйлийг сурч мэдэж ойлгож авсан. Их туршлага хуримтлуулсан. Одоо кино урлагт хүч сорьж эхэлж байна.
Г.Эрдэнэбилэг: Бид морь, хүүхэд хоёроо дасгах гэж хамтад нь морины жүчээнд байлгасан | ||
Үзсэн: 7041 | Mongolian National Broadcaster |