
XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөх Билэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва түрүүлсэн билээ.
Тэрбээр уг барилдааны нэгийн даваанд Сэлэнгэ аймгийн начин Б.Эрдэнэванг, хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн харцага Б.Ганбаярыг, гурвын даваанд Дундговь аймгийн арслан Э.Ариунбуянг, дөрвийн даваанд Увс аймгийн арслан Д.Тогтохжаргалыг, тавын даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг, долоогийн даваанд улсын аварга Н.Батсуурийг, наймын даваанд улсын арслан Ц.Содномдоржийг тус тус давсан юм.
Түүний талаарх сонирхолтой 10 баримтыг уншигч танаа хүргэе.
- Рэнцэнбямбын Пүрэвдагва 2005 онд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд тавдугаар байрт шалгарч, анхны томоохон амжилтаа гаргажээ.
- “Монгол хүчтэн” ТВ шоунд оролцож, олны хараанд өртсөн түүхтэй.
- 2008 онд Архангай аймгийн наадамд түрүүлж “арслан” цолд хүрсэн бол 2010 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлэн “хурц” чимэг нэмсэн.
- 2010 онд улсын наадамд анх барилдахдаа Л.Цэрэнтогтох, Ж.Чулуунбат нараар гурав давж, Б.Соронзонболд заанд өвдөг шорооджээ.
- 2012 оны наадмаар улсын гарди И.Доржсамбуугаар тав давж, “начин” цол хүртсэн.
- 2014 онд өмнөх жилийн дуулиан улсын заан Б.Батмөнхөөр тав давж, цолоо баталсан.
- 2016 оны наадмаар гайхамшигтай сайхан барилдаж, Б.Чимэдвандан, Б.Гончигдамба, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарыг дараалан орхиж, төрийн наадмын үзүүр булаасан бөгөөд тэр өвлийн турш түүнийг хазайлгах хүчтэн байгаагүй гэхэд болно.
- Бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэж, УАШТэмцээнээс хэд хэдэн удаа медаль хүртсэн.
- Өөрийгөө ирлэж, шартай барилддаг, угсраа, уран мэх хийдгээрээ зартай.
- Шинэ цагийн даншиг наадам дөрвөнтөө зохиогдоход өвдөг шороодоогүй “Даншгийн дархан аварга” юм.
Монгол Улсын арслан Р.Пүрэвдагвын тухай сонирхолтой 10 баримт | ||
Үзсэн: 5093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.