
МҮБХ-ны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас Монгол бөхийн өргөө 2018 оны дөрөвдүгээр сараас хойш удаа дараа хаагдаж, цагдаагийн хамгаалалтанд байсан билээ. Харин саяхан маргалдагч талууд эвлэлдэн нэгдэж, ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хоёр талаас дахин ямар нэгэн үймээн, самуун гаргахгүй, Монгол бөхийн өргөө рүү дайрахгүй гэсэн албан хүсэлт Цагдаагийн байгууллагад гаргаснаар дээрх өргөөг нээж, үйл ажиллагаа нь хэвийн горимдоо орсон юм.
Уг ойлголцлын санамж бичигт талуудыг төлөөлөн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбат нар гарын үсэг зурж, улмаар хоёр тал нэгдэн МҮБХ-ны ээлжит тавдугаар “Их эе”-ийг зохион байгуулах ажлыг хэсэг байгуулжээ.
Тус ажлын хэсэг нь хоёр талаас тэгш тооны төлөөлөл орсон 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахалж, дотроо "Их эе”-д төлөөлөгч сонгох журам боловсруулах, МҮБХ-ны дүрмийн төсөл, тайлан бэлдэх" гэсэн гурван дэд хэсэг байгуулан идэвхтэй ажиллаж байна.
Энэхүү ажлын хэсгээс ээлжит тавдугаар “Их эе”-ийг энэ сарын 20-нд зохион байгуулахаар товлосон байсан боловч ажлын хэсгийн нэг ахлагч дархан аварга Х.Баянмөнх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас (гадаад улс руу сувилалд явсан) эзгүй байгаа тул ээлжит тавдугаар “Их эе”-ийг хэсэг хугацаанд хойшилж байгаа тухай өчигдөр Б.Бат-Эрдэнэ, “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбат нар мэдээллэв.
Хэдийгээр “Их эе”-ийн тов хойшилсон ч хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэнд Монгол бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаярын удирдлага дор МҮБХ-ны хуучин ажлын алба хурал хуралдтал өдөр тутмын үүрэгт ажлууд болон бөхийн барилдаан, урлагийн тоглолт, бусад үйл ажиллагаагаа хуваарийн дагуу зохион байгуулан ажиллахаар болжээ.
Үүний дагуу ойрын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд аймгуудын золголт, шашин номын хурал, тоглолтууд хуваарийн дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд шаргачин гахай жилийн эхний барилдаан ирэх гуравдугаар сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товлогдоод байна.
МҮБХ-ны “Их эе” дахин хойшилсныг дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Гацуурт” ХХК-ий захирал Л.Чинбат нар мэдээлэв | ||
Үзсэн: 972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.