
Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотын сүмогийн ордонд өчигдөр өндөрлөлөө.
Хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Какүрюү М.Анандаар 15 дахь даваагаа авснаар энэ оны анхны түрүүгээ хүртлээ. Хоёр аваргын барилдаан нэг минут орчим үргэлжилж, Хакүхо даваа авсан ч гартаа багагүй гэмтэл авчээ. Гэхдээ түүний бэртлийг хурдан эдгэнэ байх гэж тайлбарлагчид хэлж байв.
Хакүхогийн хувьд нийт 42 дахь түрүүгээ хүртэж байна. Түүний хувьд хамгийн сүүлд 2018 оны есдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн бөгөөд хоёр тэмцээний дараа дахин түрүүллээ.
Хакүхо хаврын тэмцээнд ганцаараа 100 хувийн амжилт үзүүлсэн бол түүний араас маэгаширагийн дөрвөөс барилдсан Ичиножёо А.Ичинноров 14 даваа, нэг унаатай удаалав.
“Монголын үлэмж биет” гэгддэг Ичиножёогийн хувьд тэмцээний найм дахь өдрийн барилдаанд озэки /арслан/ Гүржийн бөх Точиношинд ялагдсан. Гэвч сүүлийн өдрийг хүртэл дараалан долоон даваа авч тэргүүлэгчийн хоёрдугаар байрт бичигдсэн. Ичиножёо ирэх тавдугаар сарын тэмцээнд цол ахих нь тодорхой болов.
Хаврын тэмцээнд аварга Какүрюү М.Ананд 10 даваа, таван унаатай өндөрлүүлсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа авч тавин хувийн амжилтаа үзүүлсэнгүй. Мөн манай бусад бөхчүүдээс Чиёошёома Г.Мөнхсайхан, Дайшёохо Ч.Шижирбаяр нар долоо даваа, найман унаатай башёг өндөрлүүллээ.
Хакүхо М.Даваажаргал 42 дахь башёг нэг ч унаагүй түрүүллээ | ||
Үзсэн: 1458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.