
Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бөхчүүд жил бүрийн хавар сэргээлтийн бэлтгэлээ аймагтаа ирж хийдэг ба бэлтгэлийн төгсгөлд үндэсний бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү барилдаанд улсын начин Ж.Дагва-Очир, аймгийн арслан Б.Зоригтбаатар, аймгийн арслан н.Мөнхэрдэнэ нараар магнайлуулсан хүчит 30 гаруй бөх тойргоор барилдлаа.
Уг барилдаанд аймгийн арслан Б.Зоригтбаатар түрүүлж, аймгийн арслан Л.Жамбал, улсын начин Ж.Дагва-Очир нар шөвгөрсөн юм.
2017 оноос эхлэн үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Архангай аймгийн засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулж эхэлсэн бөгөөд гурав дахь жилдээ ийнхүү зохиогдож байна.
“Бөх билэгт” дэвжээний бөхчүүдийн хувьд сэргээлтийн бэлтгэлийг 1997 оноос хойш хийгээгүй тасарсан байсныг аймгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр 2017 оноос дахин зохион байгуулж эхэлжээ.
Үндэсний бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах барилдааныг дахин сэргээн зохион байгуулснаар бөхчүүдийн амжилт гаргах нь ихэссэнээс гадна хамтарч хөдөлмөрлөх, багаар ажиллах эв нэгдэл сайжирч байгаа гэдгийг дасгалжуулагч багш нар онцолж байлаа.
Тиймээс тамирчидын бэлтгэл хийх нөхцөлийг бүрдүүлэх байр, хоолноос гадна шаардлагатай амин дэмээр хангах дэмжлэгийг орон нутгийн зүгээс үзүүлж байгаа юм.





Архангай аймгийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанд Б.Зоригтбаатар түрүүллээ | ||
Үзсэн: 1073 | Mongolian National Broadcaster |