Шууд Chart

Хэнтий аймгийн хөвгүүд, “Женко”-гийн охид багийн дүнгээр тэргүүллээ

2019-04-22 09:46:58

Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 18-20-нд Хэнтий аймгийн Чингис хотод боллоо. Тэмцээнийг МЧБХ, “Хакүхо” сан, “Хасу-Мегаватт” компани, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулав. Гурав дахь өдөр хөвгүүдийн 51, 60, 80, охидын 40, 49, 61, 73 кг долоон жингийн барилдаан боллоо.

Хөвгүүдийн 51 кг-ын жинд Дархан-Уул аймгийн тамирчин Г.Энхням, 60 кг-д Баянхонгор аймгийн тамирчин П.Мөнх-Эрдэнэ, 80 кг-д Хэнтий аймаг, “Хасу” клубийн тамирчин Э.Уугангэрэл, охидын 40 кг-д Спортын төв сургуулийн тамирчин М.Номин-Эрдэнэ, 49 кг-д “Женко” клубийн тамирчин М.Мөнхгэрэл, 61 кг-д тус клубийн Б.Марал, 73 кг-д Өмнөговь аймгийн тамирчин Б.Дэлгэрцэцэг нар жин тус бүртээ аваргалж алтан медалийн эзэн болов.

2018 онд Хорватын Загреб хотод болсон өсвөр үеийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, “Женко” клубийн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, улсын хошой аварга болов. Баянхонгорын Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс гурван өөр жинд медаль хүртлээ. Тэрбээр 2017 онд 46 кг-д хүрэл, 2018 онд 54 кг-д мөнгөн медаль хүртсэн бол энэ жил 60 кг-д алтан медалийн эзэн боллоо.

Тэмцээний үеэр Хэнтий аймгийн БТСГ-ны дасгалжуулагч Т.Амарбатад ОУХМ Г.Амархүү багштай “Шонхор” БТДС-ийн 2013 оны нэг ангийн төгсөлтийнхөн нь хүндэтгэл үзүүлсэн бол Хэнтий аймгийн БТСГ-ны дарга Г.Нэргүйбаатарт Өмнөговь аймгийн чөлөөт бөхийн холбооноос улсын арслан Г.Дэмүүл агсны барималыг бэлэглэсэн юм.

Тэмцээнд хот, хөдөөгийн 39 байгууллагын 493 тамирчин өрсөлдснөөс хөвгүүдийн багийн дүнг Т.Амарбат дасгалжуулагчтай Хэнтий аймаг, “Хасу-Мегастарс” клубийн баг 66 оноогоор тэргүүлж, спортын мастер Ж.Баярхүү дасгалжуулагчтай Спортын төв сургууль 57 оноогоор хоёр, ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймаг 46 оноогоор гуравдугаар байрт оров. Охидын багийн дүнг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 69 оноогоор нэгдүгээр байрт орсон бол спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб 57, Г.Нямбаяр дасгалжуулагчтай Спортын төв сургууль 51 оноогоор удааллаа. Сүүлийн өдөр буюу маргааш хөвгүүд, охидын багийн тэмцээн болно.

ГУРАВ ДАХЬ ӨДРИЙН ДҮН:

Хөвгүүдийн 51 кг (38 бөх): 1. Г.Энхням (Хэнтий аймаг, Хасу-Мегастарс) 2. Э.Энхболд (Төв) 3. Э.Тэмүүжин (Хэнтий аймаг, Хасу-Мегастарс), А.Отгонтогтох (Өвөрхангай)

60 кг (41): 1. П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор) 2. Ц.Аргабилэг (Дорноговь) 3. Г.Зоригт (Спортын төв сургууль), Ө.Ууганбадрах (Аварга)

80 кг (22): 1. Э.Уугангэрэл (Хэнтий аймаг, Хасу-Мегастарс) 2. М.Мөнх-Эрдэнэ (Төв) 3. Б.Энхманлай (Увс), Д.Саранцогт (Өвөрхангай)

Охидын 40 кг (12): 1. М.Номин-Эрдэнэ (Спортын төв сургууль) 2. Б.Нандин-Эрдэнэ (Говь-Алтай) 3. А.Хишигдаваа (Женко), Б.Отгонзаяа (Увс)

49 кг (25): 1. М.Мөнхгэрэл (Женко) 2. Д.Ганцэцэг (Дархан-Уул, Мегастарс) 3. Э.Саруул (Алдар), Б.Хишигсүрэн (Баянхонгор)

61 кг (19): 1. Б.Марал (Женко) 2. М.Жаргалмаа (Сонгинохайрхан дүүрэг, MJ нийгэмлэг) 3. Б.Санжаасүрэн, М.Баасандарь (хоёул Завхан)

73 кг (12): 1. Б.Дэлгэрцэцэг (Өмнөговь) 2. Г.Дэлгэрцэцэг (Баянзүрх дүүрэг) 3. О.Цэлмүүн (Спортын төв сургууль), Ц.Амгалан (Увс)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хэнтий аймгийн хөвгүүд, “Женко”-гийн охид багийн дүнгээр тэргүүллээ  
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй