Шууд Chart

Хакүхо М.Даваажаргал нацү башёг өнжлөө

2019-05-13 10:26:55

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн /Нацү башё/ Токио хотод өчигдөр эхэллээ. Энэ сарын тэмцээн Рэйва хэмээх шинэ эрины анхны тэмцээн гэдгээрээ ихээхэн онцлог болж байна.

Өнгөрөгч Харү башёд түрүүлж, 42 дахь түрүүгээ хүртсэн их аварга Хакүхо М.Даваажаргал анхаарлын төвд байсаар байна. Тэрбээр Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ гаргаад буй билээ. Ерөнхийлөгчийн зүгээс түүний материалыг шалгаж үзээд иргэншлээс хасах, эсвэл хасахгүй байх шийдвэр гаргах юм. Тиймээс Хакүхогийн барилдаанаас илүүтэй түүний иргэншлээ солих асуудал анхаарал татаж эхэлсэн. Уг асуудал эртнээс яригдсан ч энэ сард олонд ил болсон юм.

Хакүхо энэ сарын тэмцээнийг бэртлийн улмаас өнжихөөр болжээ. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын тэмцээний сүүлийн өдөр аварга Какүрюү М.Анандтай хүндхэн барилдаан хийж, ялалт байгуулсан ч баруун гарандаа бэртэл авсан юм. Түүний эмчийн хэлснээр, баруун гарын булчингийн 70 хувь тасарсан тул дахин гурван долоо хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Тиймээс хүчний дасгал хийж болохгүй гэсэн эмчийн дүгнэлтээр Хакүхо өнжиж байна. Түүний хувьд Рэйва хэмээх шинэ эриний анхны тэмцээнд түрүүлэхийг хүсэж байгаагаа хэлж байсан ч бэртлийн улмаас өнжихөөр болсноо тэмцээн эхлэхээс гурван өдрийн өмнө мэдэгдсэн байна.

Хакүхог эзгүй үед башёд түрүүлэх магадлалтай олон бөх бий. Аварга Какүрюү М.Анандад том боломж гарч ирлээ. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны гурав, тавдугаар сарын тэмцээнд түрүүлж, тав дахь түрүүгээ авчээ. Мэдээж түүний гол өрсөлдөгч болох Гоэйдо, Такаясү, Такакеишо нарын арслан /озэки/ цолтнууд бий. Өнгөрөгч башёд их аварга Хакүхогийн араас ганц унаатай нэхэж явсан Монголын үлэмж биет хэмээх Ичиножёо А.Ичинноров цол ахиж сэкивакэ цолондоо эргэн ирсэн. Түүний хувьд хүчтэй өрсөлдөгчийн тоонд нэгдүгээр сарын түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргилын хамт бичигдэж байна.

Өчигдөр эхэлсэн Нацү башёгийн эхний өдрийн барилдаанд аварга Какүрюү М.Ананд, арслан Гоэйдо, Такакейшо, сэкиваке Точиношин нарын том цолтнууд даваагаа авчээ. Харин манай бөхчүүдээс сэкивакэ А.Ичинноров, маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар учраа бөхдөө дийлдсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо М.Даваажаргал нацү башёг өнжлөө   
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй