
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Азербайжан Улсын Баку хотод болж өндөрлөлөө. Олимп, ДАШТ-ий медальт олон тамирчид өрсөлдөж байгаа тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорсон.
Дэвжээнд гарсан Монгол Улсын бөхчүүдээс Б.Ганхайч шагналт тавдугаар байрыг эзлэв.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д нийт 29 бөх барилдсанаас Б.Ганхайч Румын, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Японы М.Таширод дийлдсэн. Манай бөх дагах барилдаанд Польшийн Т.Каролинаг ялсан ч хүрэл медалын төлөөх барилдаанд Германы бөх Т.Мартинад дийлдэн шагналт тавдугаар байр эзлэв.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Батболд гуравдугаар тойрогт олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны бөх Рустам Оружовт, 81 кг-д Н.Давгасүрэн хоёрдугаар тойрогт Украины бөх А.Харченкод ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Бакугийн “Их дуулга”-д 56 орны жүдочид өрсөлдөж байгаагаас манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 14 жүдоч барилдсан юм. Тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн бол Д.Сумъяа шагналт долдугаар байр эзэлсэн. Б.Ганхайч шагналт тавдугаар байр эзэлж, Монгол Улсын баг хоёр хүрэл медальтайгаар 12 дугаар байрт бичигдлээ.
Бакугийн “Их дуулга”-ыг Япон, Бразилын баг хоёр алтан медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Азарбайжан, Испани, Израйл, Франц, Молдав жагсаалтын III-VII байрт бичигдэж байна. Гүрж, Болгар, Словани, Швед улс мөнгөн медальтайгаар манай улсын урд жагсчээ.
Монгол Улсын баг хоёр хүрэл медальтайгаар 12 дугаар байрт бичигдлээ | ||
Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.