
“Гэрт нь” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын уран дарханчуудаа түүчээлж яваа эмэгтэйчүүдийн төлөөлөл болж буй, МУСТА Лхагважавын Мянганцэцэгийг урилаа.
Тэрбээр урлангаа одоогоор гэртээ байрлуулж, уран бүтээлээ туурвиж байна.
Утсаар холбогдож гэрийн хаягийг нь заалгасан бид төвөггүй тэднийхийг олж очлоо. Тэднийд ороход ширээн дээр нь “Марзан” хэмээн алдаршсан Б.Шарав агсны “Монголын нэг өдөр” зураг дэлгээтэй байх нь тэр. Аливаа уран бүтээлчид өмнөх үеийнхээ бүтээлийг судалж, ажиглалт хийдэг нь Л.Мянганцэцэгийн хувьд ч агаар нэг биз ээ.
Тэрбээр бидэнд кофе аягалж, өмнө тавингаа “Сүүлийн үед би дарханы ажлаа түр хойш тавиад байгаа. Ирэх есдүгээр сард БНХАУ-д болох орчин үеийн уран зургийн үзэсгэлэнд оролцох бол сарын дараа буюу аравдугаар сард Энэтхэгт мөн энэ төрлөөр оролцоно. Нэлээн ажилтай л байна” гэв. Ийнхүү бидний яриа эхэлсэн юм.
Л.Мянганцэцэг 2009 онд СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсчээ. Урчуудын дунд “Мэргэжлийн сургуулийг нь төгсч байж л уран бүтээлч боллоо гэж хэлэгддэг” гэсэн яриа байдгийн адил зураач, уран дархан бүсгүй тэр жилээс хойш уран бүтээлч гэсэн нэрийн дор бүтээлээ туурвисаар байна. Гэхдээ тэр уран бүтээлүүдээ Одхан гэдэг нэрээр гаргадаг юм билээ.
Дунд сургуулиа зураг урлалын гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурч төгсчээ. Энэ нь түүнийг эртнээс бэлтгэсэн байж ч болох юм.
Эмэгтэй хүн хатуу төмөртэй “нөхөрлөж” уран дархан болсон нь сонин санагдсан учир энэ тухай лавлахад “Ээжийн маань аав уран дархан хүн байсан юм билээ. Харин аавын талд зураач хүмүүс байсан гэдэг. Тэгэхээр би хоёр талаасаа жаахан “юм” өвлөөд үлдсэн бололтой. Гэхдээ би өөрийгөө төрмөл биш олдмол авьяастай гэж боддог. Аливаа авьяасыг байнга өнгөлж, зүлгэж байхгүй бол мөхдөг. Хичээвэл улам гялалздаг гэдэг шүү дээ” гээд инээмсэглэх нь өөрийгөө хэрхэн хөдөлмөрлөдгөө илтгэх мэт.
Түүний уран дарханыг хийц талаас нь тодруулбал утсан сүлжмэл, хөөмөл төрлийг илүүд үздэг гэсэн. Гэхдээ хөөмөл дотроо Дарьганга хийц давамгайлдаг аж.
Харин зургийнхаа хувьд орчин үеийн чиг хандлагыг шингээжээ. “Олон улсын үзэсгэлэн, уралдаан болоход уран дарханы чиглэлээр оролцох боломжгүй байдаг. Тиймээс гадаадын уран бүтээлчидтэй харилцаж, өөрийгөө ямар хэмжээнд яваагаа мэдрэхийг хүссэндээ уран зургаа орхигдуулахгүй дээрх төрөлтэйгээ хамтад нь “хөтөлж” явна” гэсэн юм.
“Эмэгтэй хүн хатуу төмөр нүдээд уран дархан хийнэ гэдэг амаргүй юу” гэж асуухад тэрбээр “Мэдээж хүйсийн ялгаа гардаг. Жишээ нь, эрэгтэй хүн нэг төмрийг матахын тулд ганцхан улайсгаад л нугалчихна. Харин би 3-4 удаа улайсгаж байж тахийлгадаг. Үүгээрээ эрэгтэйчүүд надаас цаг хугацааны хувьд хурдан ажилладаг. Гэхдээ тухайн хүн эзэмшсэн мэргэжилдээ хайртай л бол ямар ч бэрхшээл байсан шантардаггүй байх. Улаанбаатарт саяхан нэг бүсгүй сайн гагнуур хийж байгаа тухай, дугуй хийлдэг эмэгтэй зарим залуугаас дутахааргүй ажиллаж байгаа талаар сошиалаар нэлээн явсан даа. Тэр хоёр бол өөрсдийн ажилдаа хайртай, үнэн сэтгэлээсээ хийж байгаа болохоороо шантрахгүй байгаа юм” гэв.
Яагаад дархан болохоор шийдсэн тухай ярихдаа “Уг нь би Монгол зургийн ангид сурч байсан ч хоёрдугаар дамжаандаа ангиа сольж, уран дарханы ангид орсон. Төрийн их дархан Д.Энхдаваа (Есөн хөлт их цагаан туг, төрийн их ган тулга зэргийг урласан) багшид анх өөрийгөө танилцуулж, хүсэлтээ хэлэхэд гайхасхийж харснаа “Хэрвээ чи чин сэтгэлээсээ энэ мэргэжилд дурлаж байгаа бол тэг” гээд намайг эмэгтэй гэж гололгүй хүлээж авч байлаа. Ийнхүү би сургалтын албаны даргадаа ангиа солих гэсэн юм гэхэд “Дүрслэх урлагийн 60 жилийн түүхэнд эмэгтэй оюутан ангиа солиод уран дарханы анги руу шилжиж байгааг би чамаас өөр харсангүй” гэж билээ.
Гэхдээ би гуравдугаар дамжаандаа жаахан шантарч, багшдаа хэлэхэд “Чи Монголд гарын таван хуруунд багтах эмэгтэй уран дархан шүү. Үүгээрээ бахархах ёстой” гэж хэлснээс хойш би болих тухай бодоогүй” гээд инээмсэглэв.
Түүний уран дарханы бүтээлүүдийг ажиглахад луу хээтэй байх нь элбэг ажээ. Энэ тухай лавлахад “Энэ хээ тухайн уран бүтээлчээс маш их ур чадвар шаарддаг болохоор энэ хээний төрлийг сонгосон” гэв. Лууг хийсвэр дүр гэдэг ч "тэнгэрийн амьтан" гэдэг болохоор нь бэлгэдлийн утга агуулсан байж болох юм гэж бодлоо хэмээхэд “Тэгж хэлдэг ч миний сонссоноор тэнгэрийн амьтны тэргүүн зэрэгт Монгол адуу, хоёрдугаарт, луу багтдаг гэдэг юм билээ” гэх нь Монгол адууны хийморь, чансааг улам өргөх шиг санагдаж байлаа.
“Таны хийсэн уран дарханы бүтээлүүдэд морины хэрэглэл нэлээн зонхилох юм. Захиалагч хэр элбэг байдаг вэ” гэхэд “Зарим хүн надад “Үйлдвэрийн мөнгөн аяга 300 мянга байхад адилхан хэмжээтэй хийсэн чиний аяга яагаад гурван сая байгаа юм бэ” гэдэг. Энэ бол хийц, чанараасаа шалтгаалж байгаа юм. Би нэг хүнд нэг л загварын эд хийж өгдөг. Бусдынхтай давтагдахгүй гэсэн үг. Жишээ нь, хэн нэгэн захиалагч надаар ташуур хийлгэхдээ хэтэрхий гоё болгуулах гээд эсвэл хэв маягийг нь эвдүүлэх талаас нь хийлгэнэ гэвэл би чадахаар байсан ч хүлээж авдаггүй. Учир нь бид чинь соёлын биет өвийг өвлөн тээж яваа улс. Тийм атлаа уламжлалаа алдсан зүйл хийчихвэл болохгүй шүү дээ. “Адгийн дархан таван үе дамжих бүтээл хий” гэсэн үг бий. Мөрөөдөөд хэлэхэд миний хийсэн нэг мөнгөн аяга таван үе дамжигдаад 200 жилийн дараа “Мянганцэцэг гэдэг хүний хийсэн аяга” гээд яригдвал би дархчуудаа төлөөлөл болж үлдэх учир маш болгоомжтой ажиллах хэрэгтэй болж байгаа биз” гэв.
“Таны урласан ээмэг, бөгжийг олны танил эрхмүүдийн эхнэр, дүү зүүсэн байдаг юм билээ. Ихэвчлэн ямар мэргэжлийн хүмүүс танд захиалга өгдөг вэ” гэхэд “Намайг эмэгтэй болохоор ихэвчлэн хүүхнүүд ирж, сонирхсон зүйлээ хийлгэдэг. Илүү ойлголцоно гэж боддог байх л даа. Гэхдээ олны танил эрхмүүд хэл амнаас болгоомжилдог бололтой юм билээ. Ямар нэгэн зүйл хийлгэснээ сошиалаар харуулдаггүй. Тиймээс би тийм мэргэжилтэй, тийм хүн гэж хэлж болохгүй байх. Гэхдээ би ямар нэгэн үзэсгэлэнд оролцох болохоороо үйлчлүүлэгчидтэйгээ дахин холбогдож, хийсэн зүйлсээ түр хугацаанд зээлж авч байршуулчихаад буцаан өгөхөд тэд татгалздаггүй. Тэдний заримаас тодруулахад “Сонгдо” эмнэлгийн захирал, Монгол Улсын гавьяат эмч Б.Болдсайхан надаар хэд хэдэн аяга, ташуур хийлгэсэн. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эхнэр Ганаа эгч наадмаар гоёх гэсэн юм гээд ээмэг хийлгэж байлаа. Надад цөөхөн хэрнээ чанартай зүйл хийлгэдэг хүмүүс байнга холбоотой байдаг” гэв.
Тэрбээр муур, нохой тэжээдэг юм билээ. “Амьтан тэжээх дуртай юу” гэхэд “Тийм. Би 20 гаруй жил амьтан тэжээж байна. Харин нохой тэжээгээд 10 орчим жил болжээ. Энэ нохойгоо тэмцээнд оролцуулдаг. Гэхдээ зодолдуулах биш. Шүүгчид зогсолт, алхаа гэх мэтийг нь хардаг. Хүнээр ярихад загвар өмсөгчид шиг л шүүнэ шүү дээ. Өнгөрсөн амралтын өдөр тийм тэмцээн болж нийтдээ 400 гаруй нохой өрсөлдөхөд миний энэ хар нохой насны ангилалд мөнгөн медаль хүртсэн. Энэ миний дөрөв дэх нохой. "Герман Дог" буюу Great dane үүлдрийнх. Мөн гурван мууртай. Өмнө нь яст мэлхий, аалз гэх мэт янз бүрийн амьтантай байлаа” гэх нь уран бүтээлч хүний сэтгэлгээ аргагүй өөр байх нь мэдээж дээ гэсэн бодол төрүүлнэ.
Ийнхүү бидний яриа өндөрлөж, түүний хийсэн бүтээлүүдтэй нь танилцсан юм.
Уран дархан Л.Мянганцэцэгийнд зочиллоо | ||
Үзсэн: 83591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.