Өвөрхангай аймагт 400 гаруй малчид зөвлөлдлөө. Тэд бэлчээрийн даац хэтрэлт, худаг усны асуудлыг хөндөн ярилцаж цаашид малчид болон төрийн байгууллагын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар санал солилцсон байна.
Өвөрхангай аймгийн нийт хүн амын 45 хувь нь мал аж ахуйн салбарт ажилладаг. 19 сумаас төлөөлөл болсон 400 малчин Арвайхээр суманд “Малын чанарыг сайжруулж, ашиг шимийн үнэлэмжийг нэмэгдүүлье” уриан дор зөвлөлдлөө. Зөвлөгөөний үеэр төрийн байгууллагууд мэдээлэл хийж, малчдын санаа бодлыг сонссон юм.
Малчид сайн туршлагаасаа хуваалцсанаас гадна мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөнгөвчилхөд чиглэгдсэн бага оврын техник, технологийн үзэсгэлэнг дэлгэлээ. Мөн мал аж ахуйн салбарыг эрсдэлд оруулахгүй байх гарц, шийдлийг хэлэлцэн 3-5 дахин хэтэрсэн бэлчээрийн даацыг зохицуулахад малчид, төрийн хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж байлаа.
Малчдад цаг агаарын мэдээг мессежээр цаг алдалгүй хэрхэн авах талаар мэдээлэл хийж, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан юм. Мөн малын ээмэгжүүлэлтийн ач холбогдолыг танилцуулж, малын гаралтай түүхий эдний үнэ өндөр байгаа энэ үед хуримтлал үүсгэх нь чухал гэдгийг онцоллоо.
Зөвлөгөөний төгсгөлд мал аж ахуйн салбарын бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлээ зориулан амжилттай ажиллаж байгаа малчдыг шагнаж урамшуулсан юм.
| “Өвөрхангай аймгийн малчдын зөвлөгөөн”-өөр бэлчээр, усны асуудлыг хөндлөө | ||
| Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.