Шууд Chart

“Ногоон паспорт-Ногоон төгөл”-д 500 орчим мод тарьжээ

2019-06-09 10:17:33

БОАЖЯ-ны санаачлагаар хэрэгжиж байгаа “Ногоон паспорт” аянд Ховд аймаг нэгдлээ. “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, 500 орчим мод тарьсан байна.

Монгол Улсын ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг ойн талаар бүх нийтийн боловсролыг дэмжих жил болгон зарласан. Үүний дагуу БОАЖЯ-ны санаачлагаар “Ногоон паспорт” аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд Ховд аймагт нийтдээ 3,5 га талбай газрыг торлон эхний ээлжид Үхрийн нүд, Агч, Шинэс зэрэг 7 төрлийн 500 орчим модыг тарьж цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ.

Цэцэрлэгт хүрээлэнд БОАЖЯ-аас 37 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Үүгээр 10-18 зүйлийн модлог ургамлын 2000 орчим суулгацыг тарих ба хашаа хамгаалалт, иж бүрэн услалтын системийг цогцоор нь шийдэхээр зорьж байгаагийн нэгээхэн хэсэг нь энэхүү ажил болж байна.

Цаашид иргэд олон нийтийн идэвх санаачлага, дэмжлэгээр талбайн хэмжээнээс гадна модлог ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх боломж нээлттэй байна. Улмаар хүүхэд багачуудад ой модны төрөл зүйл, мод тарих аргачлалыг танин мэдүүлж, ойн мэргэжлийг сонирхон судлах боломжийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн ойн зурвасыг байгуулахдаа улирал харгалзахгүйгээр хийх ба далд үндэсний системтэй суулгац буюу бортоготой суулгацыг хэрэглэж байгаагаараа онцлогтой. Мөн орон нутгийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, хүүхэд багачуудад байгальд ээлтэй, зөв дадал, хэвшлийг бий болгох боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Сэтгүүлч: Г.Энхжаргал

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Ногоон паспорт-Ногоон төгөл”-д 500 орчим мод тарьжээ  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй