
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан энэ сарын 23-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Уг барилдааныг энэ жил Монгол Улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит болгохоор тогтжээ.
Энэ дашрамд улсын арслан Шаравын Ванчинхүүгийн талаар сонирхуулахад, 1909 онд Ховд аймгийн Буянт сумын нутаг, Хар ус нуурын хөвөө, Цагаан голын “Цагаан тэмээт” гэдэг газар Ч.Шаравын ес дэх хүү болон мэндэлжээ.
Тэрээр Орос, Казак хэлний өргөн мэдлэгтэй, өөрийн сурч мэдсэнээ бүтээлчээр ашиглаж эх орон ард түмнийхээ түүхэн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, өөрийн амьдралаа чин үнэнчээр зориулсан Монголын сэхээтнүүдийн нэг байсан юм.
Түүний Монгол бөхийн барилдаанд гаргасан амжилтыг товч дурьдвал 1926 оны зуны тэргүүн сарын эхээр Буянт сумын Таван хайрханы “Сатуй” овооны наадамд 17 настайдаа гурав давснаар бөхийн замналаа эхэлсэн байдаг.
Тэрээр орон нутагт намын өндөр албан тушаал хашиж байсан тул улсын баяр наадамд олон удаа барилдаагүй бөгөөд таван удаа барилдсанаас гурав шөвгөрч, нэг түрүүлсэн байдаг.
Улс хувьсгалын 1932 оны баяр наадамд аймгийн арслан цолтой барилдаж 1024 бөхөөс долоо давж улсын заан, 1936 онд 1024 бөхөөс найм давж Дорнодын “Хумбан бор” хэмээх Т.Балсан арсланд өвдөг шороодож “өсөх идэр” чимэг нэмж, 1938 онд 1024 бөхөөс зургаа давж улсын заан Жамъяаншаравт өвдөг шороодон “Чинзоригт” хэмээх чимэг нэмж, 1940 онд 31 насандаа Ардын хувьсгалын 19 жилийн ойн их баяр наадамд 512 бөх барилдсанаас дөрвийн даваанд Булган аймгийн улсын заан Ц.Бат-Очирыг, тавын даваанд Архангай аймгийн харьяат, улсын арслан Шагжийн Төмөрбаатарыг, зургаагийн даваанд Сэлэнгэ аймгийн харьяат, улсын заан Төмөрийг, долоогийн даваанд Дорнод аймгийн харьяат, улсын заан Х.Өлзийсайханыг, наймын даваанд Өвөрхангай аймгийн харьяат, улсын арслан Ц.Банди, есийн даваанд Дорнод аймгийн харьяат, “Гулзгай” хэмээх У.Дамчаа арсланг орхиж түрүүлэн “БНМАУ-ын уран хүчит, саруул шаламгай арслан” цол хүртсэн юм.
Ш.Ванчинхүү улсын заан цолыг хүртэхдээ дөрвөн заан цолтой бөхийг, улсын арслан цолыг хүртэхдээ дөрвөн арслан цолтой бөхийг өвдөг шороодуулсан байдаг нь сонин тохиолдол болжээ.
Улсын баяр наадмын сорилго барилдаан энэ сарын 23-нд болно | ||
Үзсэн: 1081 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.