АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд хийсэн уулзалтыг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар нийтэлжээ. Энд АНУ, БНАСАУ-ын удирдагчид 1953 онд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш 66 жилийн дараа ийнхүү анх удаагаа түүхэн уулзалт хийсэн тухай онцолсон байлаа.
Олон улсын хамтын нийгэмлэг, улс орнуудын удирдагчид мөн энэ уулзалтын талаарх байр сууриа илэрхийлж байна. НҮБ ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш АНУ, БНАСАУ-ын удирдагчид Панмунжомд ажлын хэсгийн түвшинд яриа хэлэлцээгээ сэргээх тохиролцоонд хүрснийг үнэлж буйгаа илэрхийлсэн байна. Үүний хамтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, энх тайван, аюулгүй байдал тогтооход чиглэгдсэн харилцаа тогтоохын тулд талууд хүчин чармайлт гаргаж байгааг үнэлж байгаагаа мэдэгдсэн байна. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо мөн 2 тал яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсний дээр Японы талаас Америк Умард Солонгосын хэлэлцээнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгджээ. Дональд Трамп, Ким Жон Ун нарын Панмунжом дахь уулзалтын гол үр дүн нь ирэх 2-3 долоо хоногийн дотор Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс нь ангижруулах яриа хэлэлцээг ажлын хэсгийн түвшинд сэргээх тохиролцоо байсан юм. Энэ хооронд Америкт Ерөнхийлөгч Трампын Панмунжом дахь уулзалтыг шүүмжлэгчид ч гарч байна.
Тухайлбал, Вермонт мужийн сенатч Берни Сандерс Ерөнхийлөгч Трампыг Умард Солонгостой хийх яриа хэлэлцээн дэх АНУ-ын Төрийн департаментын байр суурийг сулруулчихлаа хэмээн буруушааж байна. Тэрээр Ерөнхийлөгч Трампад хандаж хэдэн зураг авахуулахын оронд энэ дэлхийд энх тайван тогтоох бодит алхмууд хийх хэрэгтэй байгааг анхааруулж байлаа. Мөн конгрессын гишүүн асан Бето О Рурк, Жулиан Кастро нар Ерөнхийлөгч Трамп дарангуйлагч Кимийн л нэр хүндийг өргөж, байр суурийг нь бэхжүүллээ,ямар ч бодит амлалт, алхам Кимийн зүгээс хийлгэж чадсангүй гэж шүүмжилж байна. Харин Өмнөд Солонгосын албаныхан болон шинжээчид өөдрөг байр суурьтай байна.
АНУ болон БНСУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах Америк, Умард Солонгосын яриа хэлэлцээнд нааштайгаар нөлөөлнө гэдэгт найдаж байна. Өмнөд Солонгосын засгийн газар Умард Солонгос, Америкийн харилцааг сайжруулахын төлөө бүхий л хүчин чармайлтыг гаргаж, 2 Солонгосын яриа хэлэлцээ идэвхжүүлэх болно.
Панмунжом дахь Америк Умард Солонгосын удирдагчдын уулзалт хэлэлцээ бол 2 удирдагчийн итгэлцлийг батлан харуулж байгаа юм. Хоёр тал энэ итгэлцэл дээрээ үндэслэн харилцаагаа хэвийн болгож, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, энх тайван тогтоохын төлөө байгаагаа илэрхийлсэн нь маш чухал юм. ажлын хэсгийнхний уулзалт ойрын хугацаанд эхлэх ч талууд эцсийн тохиролцоонд хүрэхэд амаргүй байх болно. тиймээс ажлын хэсгийнхний уулзалтыг үр дүнд хүргэхэд Өмнөд болон Умард Солонгосын харилцааг сайжруулах нь чухал.
| АНУ, БНАСАУ-ын ажлын хэсгийнхний уулзалтыг 2-3 долоо хоногийн дотор сэргээнэ | ||
| Үзсэн: 510 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.