Шууд Chart

Алтай Таван богд хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2019-08-05 13:00:00

Монгол Улсын хамгийн өндөр уул болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт орших Алтай Таванбогд хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 3-ны Балжиннямтай билэгт сайн өдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 181 дүгээр  зарлигаар Алтай Таванбогд уулыг төрийн тахилгатай уул хайрханы жагсаалтад оруулж, тэнгэрийг тайх ёслолыг таван жилд нэг удаа зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Улмаар 2014 онд анхны төрийн ёслолыг үйлдэж байв. Энэ удаагийн ээлжит тахилгад УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Мурат, С.Эрдэнэ, ЕТГ-ын Төрийн ёслолын хэлтсийн дарга Х.Жанцан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан тэргүүтэй төрийн элч төлөөлөгчид, гадаад, дотоодын зочид, жуулчид, орон нутгийн иргэд оролцсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 15 дугаар захирамжаар тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделханаар ахлуулан байгуулжээ. Тэрээр тахилгын арга хэмжээний үеэр Ерөнхийлөгчийн төрийн ёслолд оролцогчдод хандсан илгээлтийг уншиж танилцууллаа.

Төрийн тахилгын ёслолын үеэр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн да лам Х.Бямбажав тэргүүтэй лам хуврагууд ном хурж, тахилгын цацлын өчил уншлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Алтай таван богд хайрхан уулын тэнгэрт хандаж тахил мөргөлийг таалан болгох, Монгол орны сав шимийг зохилдуулан ард түмний эвийн хүчийг батжуулах, амьдрал ахуй, ажил үйлс, цог хийморийг нь бадраан мэлмий тунгалаг, өлмий бат байлгахыг айлтгасан айлтгалыг дуудан сонсгож, тахилгын галд өргөн тэнгэрт илгээх, тэнгэрт дуут сум илгээх, морь сэтэрлэж тэнгэрийн хүлэг болгон  тавих ёслолуудыг үйлдсэнээр төрийн ёслол өндөрлөв гэж "Монголын мэдээ" сувгийн Баян-Өлгий аймаг дахь сурвалжлагч Ө.Нурболат мэдээллээ.

















Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алтай Таван богд хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо  
Үзсэн: 3120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй