Шууд Chart

Парламентын үйл ажиллагааг түр зогсоох ерөнхий сайдын шийдвэрийг Британичууд эсэргүүцэж байна

2019-08-29 17:07:38

Брекситтэй холбоотойгоор  Их Британийн  Ерөнхий сайд  Борис Жонсон парламентын үйл  ажиллагааг  5  долоо хоногоор  зогсоох хүсэлтийг  хатан хаан  2-р  Элизабетад өргөн барьснаас үүдэн  ийм шуугиан дэгдээд  байна.  Олон  нийт  тэр  даруйд  эсэргүүцлээ илэрхийлж   гудамж  талбайд  гарч  парламентын үйл  ажиллагааг  ямар ч нөхцөлд  зогсоохгүй байхыг уриалж байсан боловч  хатан хаан  Ерөнхий сайдын  энэ хүсэлтийг хүлээн авснаа  албан ёсоор батлаад  байна.

Түүгээр ч зогсохгүй 5 долоо хоногийн дараа буюу 10-р сарын 14-ны өдөр парламентын шинэ чуулган эхлэхэд олон нийтэд хандаж үг хэлэхээр  болсон байна. Британийн сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдынхаа энэ шийдвэрийг байж гэрээгүйгээр Европын Холбооны эгнээнээс гарахын тулд ардчиллын үнэт зүйлсэд халдаж, ард иргэдийнхээ хүсэл зоригийг үл хайхарч байна хэмээн ширүүхэн шүүмжилж байна.

Түүнчлэн сөрөг хүчнийхэн парламентын гишүүдийн дэмжлэгийг авахгүйгээр улс орны хувь заяаг дангаар шийдэхийг чармайж байна хэмээн буруушааж хатан хаан Элизабетад хандаж уулзалт хийх хүсэлт  тавьсан байна. Сөрөг хүчнийхнээс гадна эрх баригч намынхан  нь  ч  Борис Жонсоны  шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа  илэрхийлж  байна. Тухайлбал сангийн сайд асан Филипп Хэммонд үндэсний хямралын энэ үед  засгийн газарт  хяналт тавих боломж  парламентад олгохгүй байгаа нь үндсэн  хуулийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг болж  байна хэмээн шүүмжилж байна.

Парламентын дарга Жон Беркоу мөн Ерөнхий сайд Жонсон Европын Холбооны эгнээнээс улс орноо гаргах нөхцөлүүдийн талаар хэлэлцэх боломж  олгохгүйн тулд ийм шийдвэр гаргалаа хэмээн тодорхойлж байна.  Одоогоор  Еврокомиссийнхон Их Британийн Ерөнхий сайдын энэ шийдвэрт тайлбар хийхээс татгалзаж байна. Энэ бол тус улсын дотоод улс төрийн асуудал л гэж  мэдэгдэж байна. Ерөнхий сайд Борис Жонсоны хувьд  дотоод  улс төрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд ийм шийдвэрт хүрсэн болохоо тайлбарласан байна. Их Британи улс ирэх 10-р сарын 31-нд  Европын Холбооны эгнээнээс гарах ёстой. 

Гэвч  тус улсын парламент  Европын Холбоотой байгуулах гэрээг соёрхон батлахаас татгалзсан хэвээр байгаа. Гэхдээ бас ийм гэрээгүйгээр  тус холбооны эгнээнээс гарахыг эсэргүүцсээр байгаа юм. Харин Европын Холбооны удирдагчид  гэрээг дахин  эргэн харахаас татгалзчихаад байгаа.  Тиймээс  галан ийм  хайчин дунд  ямар ч аргаар хамаагүй  Европын Холбоог орхин гарахын тулд  Ерөнхий сайд Борис Жонсоныг  ийм алхам хийлээ гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна. Олон нийт  түүний шийдвэрийг эсэргүүцэн гудамж талбайд жагсч эхэлсэн. Лондон, Манчестер,  Эдинбург  зэрэг олон хотод  иргэд  жагсаал хийж  сая гаруй хүн парламентын үйл ажиллагааг түр зогсоохыг эсэргүүцсэн цахим өргөх бичигт гарын үсгээ зураад  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парламентын үйл ажиллагааг түр зогсоох ерөнхий сайдын шийдвэрийг Британичууд эсэргүүцэж байна  
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй