
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Номин бүл нэмжээ. Түүний гэр бүлийн хүнийг А.Цолмон гэдэг бөгөөд хоёр хоногийн өмнө “Өргөө” амаржих газар төрсөн байна.
Тэд 3 кг жинтэй, 48 см өндөр охинтой болсон агаад бяцхан үр, ээж хоёрын бие сайн байгаа гэнэ.
А.Цолмон нь Тайвань Улсад бизнесийн удирдлагын бакалавраар төгсч өдгөө БНХАУ-ын ӨМӨЗО-д сэтгүүлч мэргэжлээр суралцаж байна. Мөн тус улсад болсон зарим арга хэмжээг хөтөлдөг сэргэлэн бүсгүй хэмээн эх сурвалжууд хэлж байна.
Б.Номин нь 2015 онд АНУ-ын Лас-Вегас хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-д 61 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн одтой аавын хүү. 1993 онд Төв аймгийн Архуст суманд төрж, 2010 онд Сонгино-Хайрхан дүүргийн бүрэн дунд 42 дугаар дунд сургуулийг төгссөн.
2004 оноос “Хангай” клубт Ц.Баярсайхан, С.Эрдэнбаяр нарын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор эхэлж, 2008 оноос “Гацуурт-Олимп” сургуульд гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
2013 онд үндэсний шигшээ багийн тамирчин болж, 2010 онд спортын мастер, 2013 онд олон улсын хэмжээний мастер цол хүртэж байв.
Мөн 2013 оны залуучуудын ДАШТ-нээс мөнгө, 2014 онд Азийн спортын наадмаас хүрэл, 2013, 2015 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн хүрэл медаль зүүсэн билээ. Түүнчлэн Яшар догу, "Монголия Опен", Казахстаны болон Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд тус тус түрүүлж байсан шилдэг тамирчдын нэг юм.
Залуу гэр бүлд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, “Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян” болоорой гэсэн ардын сайхан үгийг дайя.





Монгол Улсын гавьяат тамирчин Б.Номингийнх бүл нэмжээ | ||
Үзсэн: 3299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.