Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгч Кубын эсрэг авсан хоригоо дахин сунгалаа

2019-09-15 09:00:47

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кубын эсрэг авсан худалдааны хоригийг дахин нэг жилээр буюу 2020 оны 9 дүгээр сарын 14-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэв. Тэрээр Америкийн үндэсний ашиг сонирхлыг хамгаалан ийм шийдвэр гаргаснаа албан ёсны мэдэгдэлдээ тайлбарласан байлаа.

Худалдааны хоригийг ийнхүү сунгаснаар хориг арга хэмжээг дагаж мөрдөх эсвэл тусгай зөвшөөрөл олгох Ерөнхийлөгч Трампын бүрэн эрх сунгагдаж байна гэсэн үг юм. 1917 онд хүчин төгөлдөр болсон хуулиар АНУ-тай дайсагнасан улс орнуудтай худалдаа хийхийг хориглож, хязгаарлах эрх олгосон байдаг. Одоогоор энэ хуулийн заалтын дагуу хориг хязгаарыг хэрэглэж буй цорын ганц улс нь Куба юм. Өмнө нь энэ жагсаалтад БНАСАУ мөн багтдаг байсан ч өөр илүү хатуу хориг арга хэмжээ авахаар болсон учир тус улсыг энэ жагсаалтаас 2008 онд хассан байдаг юм. Эрх чөлөөний гэгддэг энэ арал дээр Америкийн өмч хөрөнгийг улсын мэдэлд хураан авсных нь хариуд АНУ Куба улсаас 1961 онд дипломат харилцаагаа тасалсан юм.

Түүгээр ч зогсохгүй Вашингтон тус улсын эсрэг худалдаа эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаагаа зарласан билээ. Кубын эрх баригчид Америкийн хориг арга хэмжээнүүд тус улсын эдийн засгийн хөгжилд гол саад тээг учруулж байгааг нэг бус удаа мэдэгдэж ирсэн төдийгүй арлын энэ улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт нь энэ хоригийн эсрэг тэмцэх явдал гэж онцолдог юм. 1992 оноос хойш Куба улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Америкийн хоригийг цуцлах шаардлагатай тухай тогтоолын төслийг жил бүр өргөн барьж ирсэн.

Олон улсын хамтын нийгэмлэгийн орнууд ч олонхийн саналаар энэ төслийг дэмжсээр ирсэн. 2014 онд АНУ ын Ерөнхийлөгч Барак Обама Вашингтоны Кубатай холбоотой бодлого үр дүн муутайг хүлээн зөвшөөрч тус улстай харилцаагаа хэвийн болгох алхмыг хийж эхлэхээ анх зарласан. Гэвч АНУ-ын төрийн тэргүүнээр Дональд Трамп сонгогдож үүрэг ажилдаа орсноос хойш 2 орны харилцаанд гарч байсан эерэг өөрчлөлтүүд зогссон. Түүгээр ч зогсохгүй Америкийн иргэдийн Куба руу зорчих журмыг чангатгах, Кубын цэргийнхний хяналтад байдаг байгууллагуудтай бизнес хийхийг ч хориглосон юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Кубын эсрэг авсан хоригоо дахин сунгалаа  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй