
Бразил Улсын алдарт жүдоч, олимп, дэлхийн аварга Рафаэла Сильва допинг хэрэглэсэн талаар Францын “AFP” агентлаг мэдээллээ.
Түүний допингийн шинжилгээний хариугаар астам буюу багтраа өвчний эсрэг хэрэглэдэг фенотерол хэрэглэсэн нь тогтоогдсон ч Р.Сильва гэм буруугүй гэж мэдэгджээ. Гэхдээ тэр “Би цэвэр хүн. Гэм буруугүй гэдгээ нотлохын тулд эцсээ хүртэл тэмцэнэ. Би фенотеролыг мэднэ. Гэхдээ би хэрэглээгүй. Надад багтраа өвчин байхгүй” гэжээ.
2016 оны Рио Де Жанейрогийн олимпийн аварга болсон тэрбээр энэ сарын 9-нд Пан Америкийн наадмаар түрүүлсэн бөгөөд тус тэмцээний дараа допингийн шинжилгээнд хамраглсан байна.
Энэхүү тэмцээний дараагаар Рафаэла Сильва “Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ээс -57 кг болон холимог багийн төрөлд хоёр хүрэл медаль хүртсэн билээ.
Түүний өмгөөлөгч Бичара Нетү сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ Р.Сильваг найзынхаа нялх хүүхдээс хордсон байж болзошгүй гэсэн тодорхойгүй хариуг өгснөөс гадна түүний гаргасан амжилтыг цуцлаагүй болохыг мэдэгджээ.
Сонирхуулахад Бразилийн жүдочдоос хамгийн сүүлд -52 кг-ын Гранд Слам, Гран При ангилалын медальтай Жессика Перейра жингээ хасахын тулд шээс хөөх эм хэрэглэснийхээ хариуд барилдах эрхээ өнгөрсөн онд хасуулсан байна.
Түүнчлэн Бразилийн жүдо бөхийн холбоо албан ёсны мэдэгдэлдээ “Бид Рафаэла Сильвагийн допингийн шинжилгээний үр дүнгийн талаарх хууль эрх зүйн үйл явцыг сайтар ажиглана. Тэр бол Бразилийн хамгийн шилдэг жүдоч төдийгүй үлгэр жишээ тамирчин. Тэрбээр үүнийг даван гарахад бүх талын дэмжлэгийг үзүүлнэ” гэжээ.
Мөн олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн аравдугаар сарын 8-нд Бразилд болох хуваарьтай байгаа бөгөөд Рафаэла Сильва оролцох үгүй нь одоогоор тодорхойгүй байна.
Бразилын алдарт жүдоч Рафаэла Сильва допинг хэрэглэсэн үү | ||
Үзсэн: 460 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.