Өвөрхангай аймагт бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах зорилготой “Залуу нас-Гэрэлт ирээдүй” төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь 15-39 насны залуусын нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах, тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой аж.
2019 оны эхний найман сарын байдлаар Улсын хэмжээнд нийт халдварт өвчний 35,8 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. Хэдийгээр бэлгийн замаар дамжих халдвар өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа ч Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Завхан, Баянхонгор гэсэн аймагт өссөн дүнтэй гарсан талаар албаныхан хэллээ.
Өвөрхангай аймгийн ЭМГ-ын мэдээллээс харахад ямар нэгэн ажил эрхэлдэггүй хүмүүс БЗДХ-тай иргэдийн 40 хувийг нь эзэлж байгаагаас гадна халдварт өвчинтэй хүмүүсийн 65 хувь нь гэр бүлтэй байна гэсэн судалгаа гарчээ.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчин их байгаатай холбогдуулан иргэдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах, тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Залуу нас-Гэрэлт ирээдүй” төслийг дөрөвдүгээр сараас Өвөрхангай аймагт хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү төсөл нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр Швеицарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаагаас гадна 15-39 насны залуус зорилтот бүлэгт нь хамаарч байна.
Төслийн хүрээнд аймгийн хэмжээнд 29 нөхөн үржихүйн сургагч багшийг бэлтгэж, эдгээр багш нар ЕБС-ууд, багийн төвүүдээр сургалтаа үргэлжлүүлж байна. Мөн эмийн сангуудад хяналт тавьж, үүндээ иргэний нийгмийн байгууллага, хүүхдүүдийг хамруулж жор баригч нарт эмчийн зөвшөөрөлгүй эм олгохгүй байх талаар сургалт зохион байгуулжээ.
Цаашид хувийн эмнэлгүүдийн хяналт, бүртгэлийг сайжруулахад анхаарч Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах юм.
| Өвөрхангай аймагт “Залуу нас-Гэрэлт ирээдүй” төсөл хэрэгжиж байна | ||
| Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.