Шууд Chart

Их Британийн дээд шүүх Борис Жонсоны шийдвэрийг хууль бус гэж үзлээ

2019-09-25 16:57:20

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны парламентын хуралдааныг хойшлуулах шийдвэр хууль бус гэж үзэж байгаагаа тус улсын дээд шүүхээс мэдэгдлээ. Үүний дараагаар сөрөг хүчин Ерөнхий сайд Борис Жонсоныг албан тушаалаасаа огцрохыг шаардаж эхлээд байна.  

Их Британи Европын холбооноос гарах асуудлыг шийдэх эцсийн хугацаа  10-р сарын 31-нд байх юм. Ийнхүү Их Британийн ирээдүйд туйлаас чухал  үйл явдлыг шийдвэрлэх хугацаа  тулж ирээд байгаа эгзэгтэй үед Парламентын  хуралдааныг таван долоо хоногоор хойшлуулах ерөнхий сайд Борис Жонсоны шийдвэр хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж тус улсын дээд шүүхээс байр сууриа илэрхийллээ. 11 гишүүнээс бүрддэг Английн дээд шүүхийн энэ шийдвэр  аль хэдийн ганхаж эхлээд байгаа Борис Жонсоны ерөнхий сайдын албан тушаалд хүндхэн цохилтыг үзүүллээ гэж ажиглагчид үзэж байна.

Харин Борис Жонсон шүүхийн энэ байр суурьтай огт санал  нийлэхгүй хэдий ч дээд шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ үзэж буйгаа мөн хэлсэн байна. Дээд шүүхээс ийм шийдвэр гарсны дараа  Борис Жонсон Английн Хатан хаантай утсаар ярьсан гэх мэдээлэл гарчээ. Энэ үеэр ямар асуудлыг хөндөн ярилцсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. Их Британийн сөрөг хүчин  Борис Жонсоныг Хатан хаан Элизабетад  буруу зөвлөгөө, өгсөн гэж буруутгаж байгаа. Хөдөлмөрийн Намын тэргүүн Жереми Корбин намынхаа хурлаар хэлсэн үгэндээ, Борис Жонсоны шийдвэр Ардчилал, Хуулийн засаглалыг үл хүндэтгэсэн үйлдэл болсон гэж хэлсэн байна.  

Мөн ерөнхий сайдыг албан тушаалаасаа яаралтай чөлөөлөгдөхийг сөрөг хүчин шаардаж эхлээд байна. Борис Жонсон парламентын хуралдааныг хойшлуулснаар парламентын гишүүд Европын холбооноос гарах засгийн газрын төлөвлөгөөнд илүү хяналт тавьж, шалгах боломжгүй болсон гэж үзэж байна. Үүний хариуд Борис Жонсон Хатан хаан 10-р сарын 14-нд үг хэлнэ. Хатан хааны ярианд тусгагдах засгийн газрын бодлогыг илүү тодорхой болгох шаардлагатай байсан. Үүнээс үүдэн парламентыг хойшлуулах  зүй ёсны  шаардлага байсан гэж  ерөнхий сайд өөрийн байр суурийг хамгаалж байгаа юм.  

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн дээд шүүх Борис Жонсоны шийдвэрийг хууль бус гэж үзлээ  
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй