Шууд Chart

Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Налайх дүүргийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг шинэчилсэн эрэмбэд багтаасангүй

2019-09-30 09:26:08

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчлэн тогтоосон билээ.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар Өмнөговь,  Хэнтий, Говьсүмбэр, Налайх дүүргийн энэ жилийн баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн амжилтыг аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбэд оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Учир нь тус аймгуудын Баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан нь Баяр наадмын тухай хууль, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрэм зөрчсөн, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг баримталж бөхийн барилдааныг зохион байгуулаагүй гэж үзсэн байна.

Энэ жилийн аймгуудын баяр наадмын бөхийн барилдааны хоёрын даваанаас хойших барилдааны мэдээллийг татаж авч шалгасан. Гэтэл дээрх дөрвөн аймаг нь хоёрын давааны оноолтоо ирүүлээгүй. Мөн Өмнөговь, Налайх дүүргийн үндэсний бөхийн барилдааны хоёрын даваанд эрэмбийг өөрчилсөн, дур дураар нь оноолт тааруулсан асуудал байгаа. Энэ талаар зарим бөх өргөдөл, гомдол гаргасан. Дээрх зөрчлүүдийг харгалзан үзээд амжилтын эрэмбэд оруулахгүй байхаар тооцсон аж.

Ер нь Үндэсний баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн дүрэмд бол МҮБХ улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг тогтоох эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу дээрх аймгуудын баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдийг эрэмбэд оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Дараа жилээс аймгуудын баяр наадмын нэгийн даваанаас эхэлж эрэмбийн асуудлыг авч үзэх юм байна.

Мөн Багахангай дүүргийн баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгосныг хүчингүйд тооцсон байна. Учир нь Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотын дагуул хот төдийгүй, Налайх, Багануур дүүрэг шиг бие даасан хот болох шийдвэр гараагүй тул тус  дүүргийн баяр наадмаар аймгийн цол олгох боломжгүй аж. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Налайх дүүргийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг шинэчилсэн эрэмбэд багтаасангүй   
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй