Брекситийн асуудал Их Британийн сайд нарын танхимын бас нэг тэргүүнийг огцруулахад хүргэж магадгүй байна. Тодруулбал, Британийн сөрөг намынхан Ерөнхий сайд Борис Жонсонд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах үйл явцыг эхлүүлэхээр төлөвлөж байна гэсэн мэдээллийг орон нутгийн хэвлэлүүд цацаж эхэллээ.
Сандэй Таймс-т мэдээлснээр өнгөрсөн пүрэв гарагт сөрөг намуудын улс төрчдийн уулзалтаар Борис Жонсонд импичмент зарлах асуудлыг хөндөж ярилцсан байна. Өнгөрсөн 24-ний өдөр Дээд шүүх парламентын үйл ажиллагааг завсарлуулах Ерөнхий сайд Борис Жонсоны шийдвэрийг хууль бус гэж үзсэнтэй холбоотойгоор түүнийг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулах нь зүйтэй гэж тодорхойлсон байна. Борис Жонсонд импичмент зарлах асуудлыг ирэх 7 хоногийн эхээр Парламентын доод танхим буюу нийтийн танхимд өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.
Харин Сөрөг хүчин болох Лейборист, Либерал Ардчилсан намынхан өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэх юм байна. Импичмент зарлах үйл явцыг эхлүүлснээр Ерөнхий сайд хууль зөрчсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж бүр эрүүгийн хэрэг ч үүсгэж болзошгүй нөхцөл байдал үүсч болзошгүйг сануулж байна. 19 дүгээр зуун гарснаас хойш өнөөг хүртэл Британийн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх санал хураалтыг парламентад явуулсан түүх байхгүй.
Хамгийн сүүлд 1948 онд л Ерөнхий сайд Хенри Палмерстоуныг Оростой нууц гэрээ байгуулсан хэрэгт буруутгаж импичментээр албан тушаалаас нь огцруулж байсныг хэвлэлийнхэн сануулж байна. Энэ хооронд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Манчестерт болж байгаа Консерватив намынхаа бага хуралд оролцож байна. Манчестерт эсэргүүцэгчдийн жагсаал түүнийг угтаж авч албан тушаалаасаа огцрохыг нь хүртэл шаардаж байлаа. Гэвч Борис Жонсон улс төрийн өнөөгийн хямралаас болж албан тушаалаасаа огцрохгүй. Улс орноо ирэх сарын 31-ний өдөр Европын Холбооны эгнээнээс гаргаж, урагш ахих үүрэг хариуцлагаа биелүүлнэ гэдгээ амлаж байна.
| Их Британийн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хурааж магадгүй | ||
| Үзсэн: 466 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.