Афганистанд ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хоёр нэр дэвшигч хоёулаа ялалт байгуулсан гэж олон нийтэд зарлаад байгаа юм. Сонгуулийн албан ёсны дүн одоогоор хараахан гараагүй байна.
Энэ жилийн Афганистаны ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын төрийн тэргүүнээр ажиллаж байгаа Ашраф Гани болон засгийн газрын тэргүүн Абдулла Абдулла нар өрсөлдсөн байна. Ашраф Гани ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж олон нийтэд зарласны маргааш нь Абдулла Абдулла мөн л ижил мэдэгдлийг хийжээ.
Гэвч нэр дэвшигчдийн хэн ч нь ялалт байгуулснаа батлах тодорхой баримт, мэдээллийг өгөөгүй байна. Энэ хооронд Афганистаны Сонгуулийн хороо иргэдийн саналыг тоолох үйл явц үргэлжилж байна гэдэг БИ БИ СИ агентлаг дамжуулжээ. Сонгуулийн үеэр 4000 гаруй хэсэгт санал хураалт явагдаж, одоогоор 2 сая гаруй хүнийг саналыг тоолоод байгаа юм байна. Афганистаны 40 орчим сая иргэнээс ердөө л 9 сая гаруй хүн сонгуульд саналаа өгөхөөр нэрээ бүртгүүлжээ. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад энэ жилийн сонгуулийн ирц эрс бага байгаа нь Талибан бүлэглэлийн заналхийлэлтэй холбоотой гэж үзэж байна. Талибанчууд сонгуулийн санал хураах хэсгүүдэд халдлага явуулна гэж сүрдүүлээд байсан юм. Үүнээс гадна ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатанд тунаж, өрсөлдсөн Ашраф Гани болон Абдулла Абдулла нар хоёулаа авилгалын хэрэгт нэр холбогдож байсан удаатай. Энэ нь ч иргэд сонгуульд идэвхгүй оролцоход нөлөөлсөн байж болох юм. Афганистаны хүн амын 55 хувь ядуу тарчиг нөхцөлд амьдарч байгааг Нэгдсэн Үндэсний Байгууллагын мэдээлэлд дурджээ.

| Афганистаны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид ялалтаа нэгэн зэрэг зарлалаа | ||
| Үзсэн: 584 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.