
Би 2008 онд улсын наадамд анх зодоглосон. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахтай тунаж барилдаад тав даван, улсын начин цол хүртсэн маань санаанаас ер гардаггүй юм. Тэгэхэд үнэхээр их баярлаж, догдолсон шүү. Төрийн наадамд түрүүлснийхээ дараа баярлаж яваад факталсаан (инээв). Сэтгэл их хөдөлсөн болоод ч тэр үү, эмч залууг санамсаргүй түлхсэнийг маань зарим хүн буруугаар ойлгосон байна лээ. Уг нь “Баяр хүргэе” гээд ирэхэд нь “Баярлалаа, хөгшөөн” гээд халти тэврээд өнгөрсөн юм. Санаатайгаар аархаж, үл тоомсорлосондоо тэгээгүй юм шүү. Заан цолны босго үнэхээр өндөр байсан. Өмнө нь заан цолны даваанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга Э.Оюунболд, улсын заан Б.Пүрэвсайхан нарт өвдөг шороодсон хүн дээ, би. Тэгэхдээ ганц ч удаа харамсаж байгаагүй. Бүгдэд нь өвдөг шороодсоныхоо дараа “Сайн барилдаарай. Амжилт хүсье” гээд тахимаа өгөн, “Харцагаас том цол хүртэх цаг хараахан ирээгүй бололтой” гэж бодож байлаа. М.Бадарчийг өвдөг шороодуулан, заан цолны болзол хангасны дараа сэтгэл уужраад, цээжин дотроос том чулуу аваад хаячих шиг болсон. Түрүүлснийхээ дараа гэртээ хурдхан харьж, ээждээ үнсүүлэх юм сан гэж их яарсан. Ээж минь миний барилдааныг жил бүр зурагтаар үздэг юм. Нилээн хэдэн жилийн наадамд харцага цолоо ахиулж чадалгүй гэртээ харихад надаас дутахгүй шаналсан хүн бол миний ээж. “Цаг нь болоогүй юм байлгүй. Битгий шантраарай. Миний хүү өнөөдөр биш юм аа гэхэд маргааш чадна аа. Ээж нь итгэж байна” гэж урам хайрладаг байлаа. 2017 онд түрүүлж, сэтгэлийг нь тэнийлгэсэн. Ижийгээ баярлуулж, жаргалтай байлгахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Түрүүлсэн амжилтыг маань “Toyota”-гийнхан мялааж, шагнасан машинд ээжийгээ суулган явахад сэтгэл их хөдөлсөн шүү. Аав минь намайг арслан болохын өмнөх жил өвчний улмаас бурхан болсон. Орон зай, нөмөр нөөлөг нь их үгүйлэгдэж байлаа. Хүүгээ тэнгэрийн орноос харж байсан байх аа. Аавыгаа амьд сэрүүн үед нь Төрийн наадамд түрүүлж чадаагүй ч ээжийгээ баярлуулж чадсан гэж бодохоор сэтгэл минь жаахан тайтгарч байна. Төрийн наадамд хүргэн ахтайгаа таарч барилдах л хамгийн хэцүү зүйл. Бүр өөрөөсөө илүү өрсөлдөгчтэй яаж барилдах вэ гэж бодохоос ч хэцүү. Бид хоёрыг 2017 оны наадмаар дөрвийн даваанд оноолтоор таарахад зарим хүн “2015 онд унагаасан юм чинь, энэ жил хүргэн ахаа дэмжих байх” гэж таамаглаж байсан гэнэ лээ. Гэхдээ би олныг хуурч, ахдаа боломж олгохыг хүсээгүй. Ах маань хөдөлмөрч, шударга, гүндүүгүй сайхан бөх. Хэзээ нэгэн цагт Монгол бөхийн хийморь, олны буян хишиг ивээж, улсын цолтны эгнээнд багтана гэдэгт итгэдэг. “Олныг хууралгүй, шударгаар хөдөлмөрлөж л амжилтад хүрнэ” гэж би өөртөө амласан. Би өдий хүртэлх хугацаанд ганц ч удаа худлаа унаж, хэн нэгнийг найраагаар давж ард түмнээ хуураагүйгээрээ бахархдаг.
Ц.Содномдорж: Олныг хууралгүй, шударгаар хөдөлмөрлөж л амжилтад хүрнэ | ||
Үзсэн: 769 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.