Ерөнхий сайд Борис Жонсон Их Британийг Европын холбооноос гаргах асуудлаарх шинэ саналуудаа Европын Комисст танилцуулаад байна. Хэрэв Европын комисс түүний энэ удаагийн саналыг хүлээн авахгүй тохиолдолд Их Британи Европын холбоог гэрээгүйгээр орхих болно гэдгийг анхааруулжээ.
Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Их Британи Европын холбоог орхин гарах сүүлийн хугацаа 10-р сарын 31–нээр хязгаарлагдаж байгаа юм. Үүнээс өмнө талууд БРЭКСИТ буюу Их Британи Европын холбооноос гарах асуудлаар хэлэлцээрт хүрэхээр ажиллаж байна. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Их Британийн Европын холбооноос гарах асуудлаарх шинэ саналуудаа Европын Комисст хүргүүлээд байна. Борис Жонсоны энэхүү төслийн дагуу Умард Ирландын газар нутагт Европын холбооны хууль, дүрэм мөрдөгдөх бол Их Британийн бусад бүх газар нутаг Европын холбооны хил, гаалийн холбооноос татгалзаж, тусдаа хуулинд захирагдах юм. Үүнээс гадна Борис Жонсоны саналууд дотор Умард Ирланд болон Ирландын хоорондох хилийг нээлттэй хэвээр үлдээхээр байгаа юм.
Ерөнхий сайд намынхаа хэвлэлийн хурлаар хэлсэн үгэндээ, шинэ төсөлд Их Британи болон Европын холбооны аль алиных нь эрх ашиг тэгш тусгагдсан гэдгийг онцолж, Европын Комисс эдгээр саналыг хүлээн авахгүй тохиолдолд БРЭКСИТ гэрээгүйгээр явагдах болно гэжээ. Үүний хариуд Европын Комиссын зүгээс Борис Жонсоны энэ удаагийн саналууд хоёр тал хэлэлцээгээ урагшлуулах боломж олгосон үйлдэл болж байгаа онцолсон байна.
Гэхдээ Европын Комиссын тэргүүн Жан Клод Юнкер Их Британийн засгийн газраас гаргасан саналууд дотор зарим нэг засч, өөрчлөх заалтууд байгааг хэлж, ирэх өдрүүдэд хоёр тал дахин хэлэлцээний ширээний ард суух хэрэгтэй байгааг хэлсэн байна.
| Их Британийг Европын холбооноос гарах асуудлаарх шинэ саналыг Борис Жонсон танилцууллаа | ||
| Үзсэн: 551 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.