Нью-Йорк, Парис, Лондон гээд дэлхийн 60 гаруй хотод байгаль экологийг хамгаалагчид эсэргүүцлийн жагсаалаа эхлүүлээд байна. Хоёр долоо хоног зохион байгуулахаар төлөвлөсөн, Экстиншн Ребеллион буюу устаж үгүй бологсдын бослого нэртэй хөдөлгөөний энэхүү ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд зориулагдаж байгаа юм байна.
Зохион байгуулагчид нь энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалууд нь өнгөрсөн 4 сарынхаас 5 дахин өргөн хүрээг хамарсан байх болно гэж баталж байна. Лондоны Вестминстер дүүрэгт байгаль хамгаалагчид өглөө эртлэн эсэргүүцлийн энэ жагсаалаа хийж эхэлсэн. Тэд Темза мөрний эрэг дагуух хөдөлгөөнийг автомашинаараа хаахыг оролдож эхэлсэн бөгөөд цагдаа нар хариу арга хэмжээнүүдийг авч байлаа.
Трафальгарын талбайд цугласан олон мөн Ламбет, Вестминстерийн гүүрнүүд, парламент болон засгийн газрын байгууламжуудад хүрдэг замыг хаахыг чармайж байсан. Эсэргүүцлийн жагсаалын эхний өдөр зөвхөн Лондонд л гэхэд 200 гаруй байгаль хамгаалагч баривчлагджээ. Харин Сидней хотод болсон жагсаалын үеэр хурдны замуудыг хаах гэсэн 30 гаруй жагсагчийг хууль сахиулагчид саатуулж захиргааны зөрчил гаргасанд буруутгаж байгаа. Мөн Шинэ Зеландад цагдаа нар олон жагсагч баривчилсан мэдээ ирж байна.
Экстинкшн ребеллион хөдөлгөөн анх 2018 онд үүсгэн байгуулагдаж байсан. Тэд уур амьсгал, экологийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор онц байдал зарлахыг улс орнуудын засгийн газраас шаардаж ирсэн төдийгүй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шуурхай тэмцэхийг уриалдаг. Тус хөдөлгөөнийхний гол бэлэг тэмдэг нь хүн төрөлхтөнд маш бага цаг үлдэж байгааг илэрхийлэхийг зорьсон элсэн цаг юм. Энэ хөдөлгөөнд дэлхийн олон орны байгаль экологийг хамгаалагчид нэгдээд байгаа юм.
| Байгаль хамгаалагчдын жагсаал дэлхийн 60 гаруй хотод эхэллээ | ||
| Үзсэн: 414 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.