Орон гэргүй нэгэн эмэгтэйн Лос Анжелес хотын метронд дуурийн дуу дуулж буй бичлэг интернетэд тавигдсанаас олон сая хүний анхаарлыг татаад байна. Гайхалтай уянгалаг хоолойтой Эмили Замоурка гэх Орос бүсгүйн авьяас олон нийтэд танигдсанаас хойш түүнийг баярын ажиллагаанд уригдаж, гудамжинд бус харин тайзнаа дуулдаг болжээ.

Эмили Замоуркагийн метроны буудал дотор дуулж байгаа энэ бичлэг 9-р сарын 27-нд твиттерт тавигдсан юм байна. Лос Анжелес хотын цагдаагийн ажилтан энэ бичлэгийг хийж, өөрийн твиттер хуудаснаа байрлуулжээ. Өдгөө 52 настай Эмили Замоуркагийн дуурийн дууг чадмаг дуулж байгаа анхны бичлэгийг 1 сая гаруй хүн үзсэнээс гадна олон хүн орон гэргүй эмэгтэйн уянгалаг хоолой, авьяасыг бишрэж байгаагаа илэрхийлжээ. Замоурка орон гэргүй болохоосоо өмнө гудамжинд хийл хөгжим тоглон мөнгө олж, үүгээрээ хоол хүнс болон байрны түрээсээ төлдөг байж.

Гэвч тэрээр гурван жилийн өмнө хийл хөгжмөө хулгайд алдаж, гудамжинд тоглолт хийж чадахаа болиод зогсохгүй түрээсийн байрныхаа төлбөрийг төлж дийлэхгүйд хүрч, орон гэргүй нэгэн болжээ. Харин түүний метроны буудалд дуурийн дуу дуулж байгаа бичлэг олон хүнийг анхаарлыг татаж, Замоуркад хийл хөгжим худалдан авч өгөх хандивын аян аль хэдийн эхэлжээ. Энэ хандивын аянаар 75 000 америк доллар цуглаад байгаа юм. Үүнээс гадна Замоурка баярын үйл ажиллагаанд уригдаж, гудамжинд бус тайзнаа дуулах боломж нээгдэж эхлээд байна. Америкийн зарим хэвлэлд 30 жилийн өмнө Оросоос Америкт ирсэн Замоурка хэсэг хугацаанд хөгжмийн багшаар ажиллаж байсан гэдгийг онцолж.
Гэвч тэрээр хүнд өвчин тусч, өндөр өртөгтэй эм бэлдмэлийн зардлаа олохын тулд янз бүрийн ажлыг хийх болжээ. Мөн түүнд нэмэлт орлогыг олж өгдөг 10 000 америк долларын өртөг бүхий хийлээ алдаж, амьдрал нь тун хүндэрч эхэлсэн талаар мэдээлжээ.
| Орон гэргүй дуурийн дуучин тайзнаа дуулдаг болжээ | ||
| Үзсэн: 3095 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.