Испани шүүхээс салан тусгаарлах үзлийг баримталдаг Каталонийн удирдагчдыг олон жилийн хугацаатай шоронд хорих шийдвэр гаргасны дараагаар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байна. Каталонийн салан тусгаарлахыг дэмжигчид болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөний улмаас Барселон хотод 100 гаруй онгоцны нислэг хойшлогдоход хүрчээ.

Каталонийн Өөртөө Засах орон Испаниас салан тусгаарлах ёстой гэсэн үзлийг баримталдаг хөдөлгөөний удирдагчдыг шүүх хурлын шийдвэр гарчээ. Шүүхээс Каталонийн 9 удирдагчийг 9-ээс 13 жилийн хугацаатайгаар шоронд хорих шийдвэр гаргасан юм. Каталончуудын салан тусгаарлахын төлөөх хөдөлгөөнийг удирддаг нийт 12 хүнийг шүүснээс гуравт нь торгууль оногдуулахаар болсон бол үлдсэн 9 хүнийг хорих шийдвэр гаргажээ.

Тэднийг 2017 онд болсон салан тусгаарлах асуудлаарх бүх нийтийн санал хураалтыг хууль бусаар явуулсан хэрэгт буруутгасан байна. Ийнхүү Испанийн шүүхийн шийдвэр гарсны дараа Барселон хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, тус хотын олон улсын онгоцны буудал дээр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсчээ. Барселоны онгоцны буудал дээрх энэ үймээний улмаас 100 гаруй нислэг цуцлагдаад байгаа юм.

Мөн Каталонийн салан тусгаарлахыг дэмждэг олон мянган хүн Барселон хотын төв талбай уруу эсэргүүцлийн цуваанд орон алхаж, зам талбайг хаасан байна. Испанийн шүүхээс ял сонсоод байгаа удирдагчийн зарим нь Каталонийн засгийн газар болон парламентад өндөр албан тушаал хашиж байсан улс төрчид байгаа юм.Тэдний нэг болох Каталонийн Өөртөө Засах орны экс дэд ерөнхийлөгч хамгийн урт буюу 13 жилийн хоригдох ял сонсоод байна.
![]()
Үүнээс гадна экс ерөнхийлөгч Пучдемоныг баривчлах тухай бичгийг Испанийн шүүхээс шинээр гаргасан байна. 2017 онд Каталонийн бүс Испаниас салж, бие даасан улс болох асуудлаарх бүх нийтийн санал хураалт бүтэлгүйтсэний дараа ерөнхийлөгч асан Пучдемон Бельги улс уруу зугтсан юм. Тэрээр Испанийн төр иргэдийг улс төрийн үзлийнх нь төлөө шоронд хорьж байгааг буруутгаж байсан юм.
| Испани улс каталони удирдагчдыг хорих шийдвэр гарсны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэллээ | ||
| Үзсэн: 1337 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.