Шууд Chart

Ядуурлыг бууруулахад нөлөө үзүүлсэн эдийн засагчид Нобелийн шагналыг авлаа

2019-10-16 10:50:51

Өнгөрсөн долоо хоногт Нобелийн Энх Тайван, Уран Зохиол болон Анагаахын салбарын эзэд нэрлэгдсэн. Тэгвэл шинэ долоо хоногийн даваа гарагт Эдийн засгийн Нобелийн шагналыг эзэд тодорлоо. Ядуурлыг бууруулахад нөлөө үзүүлэхүйц судалгааг хийж, шинэ бүтээлийг туурвисан гурван эрдэмтэн Эдийн засгийн салбарын Нобелийн эзнээр нэрлэгдлээ.

2019 оны Эдийн засгийн нобелийн шагнал эзнээр Абхижит Банержее, Эстер Дюфло болон Майкл Кремер нар нэрлэгдлээ. Нобелийн хорооноос эрдэмтэд тун нарийн боловсруулсан туршилтад тулгуурласан эрдэм шинжилгээний ажлаараа ядуурлыг бууруулах талаарх бодлогуудад хариулт өгөхийг зорьсон гэсэн байна.

Массачусетс мужийн Технологийн Институтэд ажилладаг Дюфло Эдийн Засгийн Нобелийн шагналыг авсан хамгийн залуу эмэгтэйгээр нэрлэгдээд байна. Мөн түүнээс өмнө зөвхөн нэг л эмэгтэй эдийн засгийн нобелийн шагналыг авч байсан юм. Дюфлогийн нөхөр мөн л Массачусетс мужийн Технологийн Институтэд профессор юм. Харвардын их Сургуулийн профессор Кремер сургуулийн сургалтын үр дүнг хэрхэн сайжруулах боломжтой талаарх судалгааг 1990 онд Кени улсад явуулж байжээ. Түүний энэ судалгааны ажил Энэтхэг улсад мөн хэрэгжиж, тус улсын 5 сая гаруй хүүхэд сургуулиас олгох эрүүл мэндийн үйлчилгээний ашиг тусыг хүртсэн бол  өөр олон оронд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх хөтөлбөрт их хэмжээний хөрөнгө оруулалтыг зарцуулж эхэлжээ. Эрдэмтэд хөдөө аж ахуй, эрүүл мэнд,  болон боловсролын салбарт  тусгайлсан хөтөлбөр, бодлогуудыг туршиж, тэдний туршилт эдийн засгийн хөгжлийн ойлголтыг дахин өөрчилж, бид бүхний дэлхийн дахины ядууралтай тэмцэх бодлого болон чадварт бодит нөлөөг үзүүлсэн гэж Нобелийн Эдийн Засгийн Шинжлэх Ухааны хорооны дарга Петер Фредрикксон хэлжээ. 

Өдгөө 46 настай Дюфло Нобелийн шагнал авсан гэдгээ сонсоод энэ үйл явдал бусад эмэгтэйчүүдэд урам зориг, итгэл өгнө гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ. Эдийн Засгийн Нобелийн шагналыг хүртсэн хамгийн анхны эмэгтэй бол Элинор Остром байсан юм. 2019 оны Эдийн засгийн нобелийн эзэд 9 сая швед кроныг хуваан авах юм. Өнгөрсөн жилийн Эдийн засгийн Нобелийн шагналыг тогтвортой эдийн засгийн өсөлтийн  талаарх судалгаа, бүтээлийн эздэд олгож байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ядуурлыг бууруулахад нөлөө үзүүлсэн эдийн засагчид Нобелийн шагналыг авлаа  
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй