Испанийн салан тусгаарлах эрмэлзэлтэй Каталони мужид 500 мянга гаруй хүнийг хамарсан жагсаал боллоо. Тус улсын шүүхээс Каталонийн удирдагчдыг олон жилийн хугацаатай шоронд хорих шийдвэр гаргасны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхлээд байна. Жагсагчид хоригдох ял сонсоод байгаа Каталонийн есөн удирдагчийг суллахыг шаарджээ.
Испанийн зүүн хойд зүгт байрлах Каталони мужид болж байгаа эсэргүүцлийн жагсаал цуглаан тус бүс нутгийн аялал жуулчлалд сөргөөр нөлөөлж байгааг олон улсын зарим хэвлэлд дурджээ.
Баасан гарагт салан тусгаарлахыг дэмжигчид олон мянгаараа гудамжинд жагсаал хийж, бүх нийтийн ажил хаялтыг уриалж байсан байна. Жагсагчид Барселон хот дахь жуучлалын хамгийн алдартай газар болох Саграда Фамилия сүмийн хаалгыг таглаж, жуулчид нэвтрэх боломжгүй болжээ.
Мөн энэ эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэн 10 дугаар сарын 26-нд "Barcelona" болон "Real Madrid" багуудын хооронд явагдах хөл бөмбөгийн тэмцээн хойшлогдоход хүрээд байгаа юм.
Испанийн дээд шүүхээс 2017 оны бүх нийтийн санал асуулгыг зохион явуулахад голчлол оролцсон Каталонийн удирдагчдад олон жилийн хорих ялыг оногдуулаад байгаа юм. Каталоничууд Испаниас салан тусгаарлах асуудлаарх энэ бүх нийтийн санал асуулгыг хууль бус гэж Мадрид үзэж байна.
Өчигдөр болсон жагсаалд 520 мянган хүн оролцож, зарим газарт жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Испанийн Ерөнхий сайдын албыг түр орлон гүйцэтгэгч Педро Санчес хууль дүрмийг зөрчигчдийг зүгээр өнгөрүүлэхгүй гэж сэрэмжлүүлсэн байна.
| Каталонид 500 мянга гаруй хүнийг хамарсан жагсаал боллоо | ||
| Үзсэн: 582 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.