Агаарын зорчигч тээврийн компанийн онгоц Америкийн Нью-Йорк хотоос Австралийн Сидней хот хүртэл шууд нислэг үйлдэж байсангүй. Тэгвэл "КАНТАС" компани "Boeing 787-9" онгоцоор дэлхийн хамгийн урт шууд нислэгийг эхлүүлээд байна. Хорин цагийн турш үргэлжлэх энэхүү нислэгийн үеэр зорчигчид болон онгоцны багийнхны биемахбодь болон сэтгэл зүйг тогтмол хянаж, эрүүл мэндийн судалгаа хийгдэнэ.
Тус онгоцонд 40 гаруй зорчигч байгаагийн ихэнх нь "КАНТАС" компанийн ажилчид юм. "Boeing 787-9" онгоц 16200 километрийг туулж, ням гарагийн өглөө Австралийн Сидней хотод газардахаар төлөвлөжээ. Энэ туршилтын нислэгийн гол зорилго нь зорчигчид болон багийнхны эрүүл мэндийн талаарх мэдээллийг цуглуулах, судалгаа, ажиглалт явуулж байгаа аж.

Судалгааны багийнхан онгоцны нисгэгчдийн биемахбодь болон уураг тархинд гарч буй өөрчлөлтийг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тогтмол хянах гэнэ. Хэт удаан хугацаанд үргэлжилж, өөр өөр цагийн бүсийг дайран өнгөрөх нислэгийн үеэр зорчигчид ядрах, шингэний дутагдалд орох болон хавагнах зэрэг янз бүрийн өвчин зовуурыг мэдэрч болзошгүй гэнэ. Мөн зорчигчид удаан хугацаанд хөдөлгөөнгүй байсны улмаас цусны эргэлтэд, даралтад өөрчлөлт орохоор байгаа юм.
"КАНТАС" компанийн зүгээс дараагийн холын зайны шууд нислэгүүдийг ч аль хэдийн төлөвлөөд байгаа юм. Лондонгоос Сидней хүртэлх дараагийн туршилтын нислэг ойрын хугацаанд явагдах юм. Хэрэв эдгээр туршилтын нислэг амжилттай болох аваас "КАНТАС" компани Америкаас Австралийн хооронд, мөн Их Британиас Австралийн хооронд шууд нислэгийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
| Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийг туршиж байна | ||
| Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.