Их Британийн Европын холбооноос гарахтай холбоотой хуулийн төслийн эргэн тойрон дахь үйл явдлууд олон улсын анхаарлын төвд байна. Их Британийн парламентын нийтийн танхим тус улсын засгийн газар болон Европын холбооны хамтран байгуулсан гэрээг дэмжиж байгааг илэрхийллээ. Гэхдээ нийтийн танхимын гишүүд энэ гэрээний асуудлаарх санал хураалтыг пүрэв гарагт явуулах ерөнхий сайд Борис Жонсоны саналыг хүлээн авсангүй. Ингэснээр Их Британи Европын холбоог гэрээтэйгээр орхин гарах эсэх нь тун эргэлзээтэй болоод байна.
Парламентын нийтийн танхимийн мягмар гарагийн хуралдаан нэлээн ширүүн уур амьсгал дор явагдаж өнгөрлөө. Өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд Борис Жонсоны засгийн газар болон Европын холбоо, Их Британи Европын холбооноос гарах гэрээний асуудлаар санал нэгдэж баталсан юм. Тэгвэл энэ гэрээг мягмар гарагт болсон парламентын нийтийн танхимын хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийнх ихэнх нь дэмжсэн байна. Энэ нь ерөнхий сайд Борис Жонсоны хувьд чамлахааргүй ялалт болсон юм. Өмнөх ерөнхий сайд Тереза Мэй яг л ийм гэрээг парламентаар дэмжүүлэх гэсэн боловч хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, албан тушаалаасаа буусан юм.
Борис Жонсоны засгийн газар болон Европын холбооны удирдагчдын санал нэгдсэн гэрээ ийнхүү нийтийн танхимын гишүүдийн дэмжлэгийг богино хугацаанд авсан ч дахин гацаанд ороод байна. Учир нь Ерөнхий сайд Борис Жонсон Их Британи Европын холбооноос гарах асуудлаарх энэхүү гэрээний талаарх албан ёсны санал хураалтыг пүрэв гарагт явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч нийтийн танхимын гишүүд энэ асуудлаар пүрэв гарагт санал хураалт явуулахгүй, илүү их цаг хугацаа шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ. Ингэснээр Их Британийн Европын холбоог гэрээтэйгээр орхин гарах асуудал тун ярвигтай байдалд ороод байна.
Ерөнхий сайд Борис Жонсон 10-р сарын 31-н гэхэд Их Британи Европын холбоог орхих ёстой гэсэн амлалтаасаа ухрахгүй гэсэн байр суурийг баримталсан хэвээр байгаа юм. Их Британийн парламент Brexit хуулийн төслөөр санал хураалт явуулах хугацааг хойшлуулж байгаа тохиолдолд тус улс Европын холбоог гэрээгүйгээр орхин гарах сонголт засгийн газарт үлдээд байгаа юм. Энэ хооронд яригдаж байгаа өөр нэгэн асуудал бол Их Британийн Европын холбооноос гарах хугацааг 10-р сарын 31 биш харин 2020 оны 1-р сарын 31 болгон сунгах явдал юм. Хугацааг ингэж сунгах талаарх Их Британи талаас гаргасан хүсэлт Европын холбоонд аль хэдийн очоод байна. Гэхдээ Энэ хүсэлтэд ерөнхий сайд Борис Жонсон гарын үсэг зураагүй. Тэрбээр Английн засгийн газар бус харин парламент ийм хүсэлтийг европын холбоонд хүргүүлсэн гэж хэлсэн байна. Гэхдээ Европын Консулын тэргүүн Дональд Таск Их Британи Европын холбоог орхин гарах эцсийн хугацааг 3 сараар сунгах асуудлаар нааштай хариу өгөхийг Европын 27 орны удирдагчдаас уриалан гэдгээ илэрхийллээ. Энэ нь Brexit-ийн үйл явц гэрээгүйгээр болж өрнөхөөс зайлсхийх алхам гэж үзжээ.
| “Brexit”-ийн хуулийн төслийн санал хураалтыг пүрэв гарагт явуулах хүсэлт дэмжигдсэнгүй | ||
| Үзсэн: 549 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.