Шууд Chart

Дэлхийн хамгийн эртний сувдыг анх удаагаа олон нийтэд харуулна

2019-10-24 09:00:00

Дэлхийн хамгийн эртний сувдыг анх удаагаа олон нийтэд сонирхуулахаар бэлтгэж байна. Энэ сард Арабын Нэгдсэн Эмирт улсын Абу Даби хотод болох үзэсгэлэнгийн үеэр энэхүү эртний сувдыг харуулах юм.

Абу Даби хотын Лувр Абу Даби музейд зохион байгуулагдах үзэсгэлэнгийн үеэр 8000 жилийн настай  сувдыг олон нийтэд анх удаагаа харуулах юм байна. Энэ эртний сувдыг Абу Дабигийн далайн эргийн ойролцоох Маравах Арлын археологийн талбайгаас олж байсан гэж Арабын Нэгдсэн Эмирт Улсын Аялал Жуулчлал, Соёлын Яамнаас мэдэгджээ.

Археологчид тус сувдны насжилтыг тогтоох тусгай арга хэрэглэж, МЭӨ 5800-5600 оны хооронд үүсэн бүрэлдсэн гэж үзэж байгаа юм. 2017 онд олж нээсэн энэ сувд цайвар ягаантай өнгөтэй юм. 10-р сарын 30–нд нээлтээ хийх үзэсгэлэнд  бусад хосгүй үнэт түүхэн олдворууд ч тавигдах юм байна. Энэ үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа Абу Даби хот нь 16-р зууны үед бүс нутгийнхаа хамгийн том худалдааны төв болж байсан төдийгүй сувдаараа ихээхэн алдартай байжээ. Венецийн үнэт эдлэлийн худалдаач Гаспаро Балби 16-р зуунд хийсэн аяллынхаа үеэр Абу Дабигийн эрэгт зочилж, энэ газрыг сувдны эх үүсвэр гэж тодорхойлж байсан юм.

Сувд болон сувдан эдлэлийн худалдаа энэ бүс нутгийн эдийн засгийн тулгуур багана болж байсан удаатай. Гэхдээ 1900-оны эхэн үеэс Арабын Нэгдсэн Эмирт болон хөрш орнуудын сувдны худалдаа буурч, Японы фермерүүдийн ноёрхол давамгайлах болсон байна. Тухайн үед Японы фермерүүд шинэ технологийн тусламжтайгаар илүү гоёмсог, сэвгүй сувдыг зах зээлд нийлүүлж эхэлсэн байдаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн эртний сувдыг анх удаагаа олон нийтэд харуулна   
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй