Дани улсын хойд далайн эрэгт байрлах 120 жилийн настай гэрэлт цамхаг жуулчдын очих дуртай түүхэн газруудын нэг юм байна. Гэвч эргийн элсний нуралтаас үүдэн энэхүү алдарт цамхаг далай уруу унах эрсдэл үүсээд байжээ. Үүнээс үүдэн гэрэлт цамхгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Рубжерг Кнюд гэх гэрэлт цамхгийг эхлээд дээш өргөж, доороо дугуй бүхий зориулалтын томоохон тавцан дээр суурилуулж. Үүний дараагаар тавцанг өмнө нь бэлтгэсэн төмөр замаар явуулжээ. Хэдхэн цагийн дотор 120 жилийн настай аварга гэрэлт цамхгийг ийнхүү шинэ, аюулгүй байрлал уруу шилжүүлсэн байна. Инженерүүд анхандаа цамхгийг 1000 гаруй тоннын жинтэй гэж тооцоолж байсан ч бодит жин 720 тонн байсан юм байна. Тооцоолж байснаас хөнгөхөн байсан учраас нүүлгэн шилжүүлэх ажил тийм ч хүнд байгаагүй гэдгийг онцолжээ.

Гэхдээ л цамхгийг цагт 12 метр урагшлуулж байсан юм. Дани улсад очиж байгаа жуулчид зочлох дуртай газруудын нэгт зүй ёсоор тооцогддог энэхүү цамхгийг аюултай цэгээс нийт 70 метр хойшлуулсан байна.
Жил бүр 250 мянган жуулчин Рубжерг Кнюдийг зорин ирдэг юм байна. Далайн өндөрлөг эрэг салхинд нурсаар, гэрэлт цамхаг унах аюул үүсээд байжээ. Хэрэв ингэж нүүлгэн шилжүүлээгүй бол 23 метрийн өндөртэй цамхаг нэгээс хоёр жилийн дотор далай уруу унахаар байжээ. Энэхүү цамхаг анхандаа далайн эргээс 200 метрийн зайтай байсан ч далайн эрэг жилд 2 метрээр нурсаар ийнхүү ирмэгт тулж ирээд байжээ.
| 120 жилийн настай гэрэлт цамхгийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ | ||
| Үзсэн: 1514 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.