Лхагва гарагт Их Британид дэлхий дахины хэвлэлийнхний анхаарлыг татсан нэгэн таагүй үйл явдал болсон юм. Тус улсын Эссекс мужаас дотроо 40 орчим хүний цогцос бүхий ачааны машиныг олсон юм. Энэ цогцосуудыг Хятад иргэдийнх гэж үзэж байна.
Эссекс мужийн цагдаагийн албаныхан өгсөн мэдээллээр том оврын ачааны машины чиргүүлээс олдсон цогцосуудын 8 нь эмэгтэй хүнийх байсан бол 31 нь эрэгтэй хүнийх байгаа юм. Цагдаа нар энэ хэрэгтэй холбоотой байж болох сэжигтнийг лхагва гарагт баривчлаад байна. Энэхүү ачааны тэрэгний жолооч Робинсоныг байцааж эхлээд байгаа ч түүнийг санамсаргүйгээр энэ хэрэгт холбогдсон байж болохыг үгүйсгэхгүй юм байна. Учир нь том оврын ачааны машины жолооч нар гадна талаас нь лацадсан чиргүүлийг шалгах боломжгүйгээр захиалсан чиглэлд хүргэж өгөх тохиолдол байдаг.
Цагдаа нар 39 хүний цогцос бүхий чингэлгийг хаанаас хэрхэн зөөвөрлөсөн талаарх маршрутыг тодорхойлон гаргаад байна. Ачааны машины толгой хэсэг болох чирэгч 10-р сарын 20-нд Ирландаас Их Британи уруу Хойд Уэльсээр дамжин орж ирсэн гэж үзэж байна. Харин цогцос бүхий чиргүүлийг Бельги улсын Зебрюггээс Их Британи уруу оруулж иржээ. Чирэгч болон чиргүүл холбогдсоны дараа энэ ачааны машин Английн Эссекс мужийн Фурфлет боомт уруу 10-р сарын 23-нд орж ирсэн гэж цагдаа нар үзэж байгаа юм.
Хятадын гадаад хэргийн яамнаас Их Британи дахь тус улсын элчин сайдын яамныхан ачааны машин олдсон газар уруу очиж, нөхцөл байдалтай танилцаад байгааг мэдэгджээ. Цагдаагийнхан цогцосуудыг таньж тогтоох ажлыг аль хэдийн эхлүүлээд байгаа ч энэ нь нэлээдгүй цаг хугацаа шаардаж магадгүй байгаа юм. Одоогоор энэ хэрэг нь олон улсыг дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг эсэхийг мөн давхар шалгаж байна.
| Ачааны машинаас олдсон 40 орчим цогцсыг хятад иргэдийнх гэж үзэж байна | ||
| Үзсэн: 777 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.